Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний дөрвөн газарт хог тээвэрлэлтийн тусгай зориулалтын найман ширхэг автомашиныг хүлээлгэн өглөө.
Тус машинуудыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Барилга хот байгуулалтын 2014 оны төсөвт суулгаж өгсөнөөр ийнхүү хүлээн авч байгаа юм байна. Дээрх машинууд 2012-2013 онд үйлдвэрлэгдсэн цаг агаарын -45-+45 хэмд ажиллах бүрэн чадвартай, өргөх буулгах, шахах гидрийн систем болон бусад тоног төхөөрөмжүүдтэй бөгөөд шороон болон бартаат замаар явахад зориулагдсан ажээ.
Баянзүрх дүүрэг 304 мянган хүн амтай, 80 мянган өрхтэй 124,4 мянган га талбай эзэлдэг. Дээрх Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар нь аж ахуйн нэгж, айл өрхүүдийн хог, хаягдлыг тээвэрлэж, нэгдсэн хогийн цэгт хүргэх, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх үүсмэл болон хур хог үүсгэхгүй байхад хяналт тавьж, хог хаягдал тээвэрлэх үйлчилгээний төлбөрийн батлагдсан тарифийн дагуу татан төвлөрүүлж ажилладаг юм байна.
Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний дөрвөн газарт 45 машин хог хаягдал тээвэрлэж, ачигч, жолооч бүхий 135, гудамж талбайн цэвэрлэгээнд 80 ажилчин ажиллаж байна. Харин дээрх дөрвөн машин нэмэгдсэнээр Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар тус бүр хоёр машин нэмэгдэх юм байна. Нийтлэг үйлчилгээний газруудад хог тээвэрлэх машин нэмэгдсэнээр иргэд аж ахуйн нэгжийн хог тээвэрлэлтийн рейс нэмэгдэж хоггүй дүүрэг, хороо болох зорилтот ажилд ихээхэн хувь нэмэр болж байгааг дүүргийн Дэд бүтэц, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч дарга Т.Батцогт хэлсэн үгэндээ онцоллоо