Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын дунд “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга-2014” уралдаан зарлав. Олон нийтэд хээл хахууль, хүнд сурталгүй үйлчилж буй, сайн засаглалыг салбар бүрт нэвтрүүлж байгаа тэргүүний арга туршлага, санаачилгыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, эздийг нь урамшуулах зорилгоор ийм уралдаан зохион байгуулж буй аж. Уралдаанд оролцох төрийн болон төрийн өмчит байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага 2014 оны туршид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллээ арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн дотор АТГ-т хүргүүлэх шаардлагатай. Тэднээс нийт долоон байгууллага, хоёр албан тушаалтныг тодруулж, тусгай шагналаар шагнан, улс даяар алдаршуулах юм. Шагналыг арванхоёрдугаар сарын 9-нд буюу Авлигын эсрэг олон улсын өдрөөр гардуулна. Уралдаанд оролцогсод www.iaac.mn/pdf/udirdamj20141107.pdf линкээр дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.