“Эбола”-гийн халдвар хамгийн их тархаад байгаа Баруун Африкийн гурван орны худалдаа, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмжихээр 450 сая долларын арилжааны санхүүжилт хийхээ Дэлхийн банкны гишүүн Олон улсын санхүүгийн корпораци мэдэгдэв.
Дэлхийн банкны гишүүн Олон улсын санхүүгийн корпорацийн мэдээлснээр, санхүүжилтийн 250 сая долларыг яаралтай хариу арга хэмжээний төсөлд оруулах бол 200 сая долларыг хөрөнгө оруулалтын төсөлд оруулна. Либери, Сьерра-Леон, Гвиней улсад “Эбола”-гийн халдварын тархалт зогссоны дараа эдийн засгийг нь сэргээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор санхүүжилт хийнэ.
Гурван орон хямралын өмнөх үйл ажиллагааны түвшиндээ буцаж ороход 328 сая доллар хэрэгтэй гэсэн нийгэм эдийн засгийн судалгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр гаргасан нь санхүүжилт хийх мэдэгдэлтэй давхацсан байна.
“Эбола”-гийн улмаас Либери, Сьерра Леон, Гвинейгийн засгийн газруудын зардал 30 хувиар нэмэгдэж, төсвийн алдагдал ихэссэн болохыг судалгаагаар гаргажээ.