БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болж буй Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын өмнө тус улсын дарга Си Зиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзаж, хэд хэдэн томоохон гэрээнд гарын үсэг зурсан хэмээн Синьхуа дамжууллаа.
Хоёр орны төрийн тэргүүн нийт 17 бичиг баримтад гарын үсэг зурсан бөгөөд тэдний ихэнх нь газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт, эрчим хүчний хамтын ажиллагааг хамарсан байна.
Хоёр орны төрийн тэргүүн баруун чиглэлийн хийн хоолойгоор Оросоос Хятад руу байгалийн хий дамжуулах санамж бичигт гарын үсэг зурав. Баруун Сибириэс байгалийн хийн нийлүүлэлт 2019 оноос эхлэх аж.
Өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдөр Хятад улсад 30 жилийн турш байгалийн хий нийлүүлэх гэрээнд ОХУ болон БНХАУ-ын эрх баригчид мөн гарын үсэг зурсан талаар бид мэдээлж байсан. Зүүн Сибириэс Хятад руу дөрвөн мянган км урт хоолойгоор байгалийн хий дамжуулах энэ төсөл 400 тэрбум ам.долларын өртөгтэй.
Зүүн чиглэлийн хийн хоолойн гэрээний дагуу оросууд жил бүр 38 тэрбум ам.метр байгалийн хий нийлүүлэх бол баруун чиглэлийн хоолойгоор жил бүр 60-100 тэрбум ам.метр хүртэл байгалийн хий дамжуулах боломжтой гэнэ.
Баруун Сибириэс Хятадын баруун хойд хэсэг хүртэл үргэлжлэх 2600 километр урт хийн хоолой барих "Алтай" төсөл эртнээс яригдаж эхэлсэн. Хоёр тивийг холбосон хоолойг Монголын нутгаар дайруулах магадлалтай хэмээн хэвлэлүүд шуугиж, манайхан ч хүлээлттэй байсан бол энэхүү хоолой Монголын нутаг дэвсгэрээр дайрахгүй нь тодорхой болсон юм.
Эх сурвалж: ИТАР-ТАСС