Хил дамнасан түймрээс хамгаалахаар БОНХЯ Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймагт зурвас байгуулж байгаа. Үүний нэг болох Сэлэнгэ аймагт ОХУ-тай хил залгаа 97 км газрын дагуу 10 метр өргөнтэй байгуулсан зурвасыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хүлээн авлаа. 30 сая төгрөгийн санхүүжилттэй эл зурвасыг хилийн цэргийн 0243 дугаар анги гардан татжээ. Энэ зурвасыг байнга сэргээж, арчлах үүргийг тус анги хүлээж байгаа юм. Тэд уг зурвасыг үргэлжлүүлэн татаж, 250 км урт болгох юм байна. Ийм зурвас байгуулснаар хил дамнасан түймрээс сэргийлээд зогсохгүй хилчдэд хил зөрчигчдийн мөрийг илрүүлэхэд дөхөм болжээ. Тиймээс ч хилчид түймрээс хамгаалах зурвасыг мөр хянах зурвас гэж нэрлэдэг болсон гэнэ.
Манай улсын хэмжээнд жил бүр 200 мянган га ой түймэрт өртөж байгаа. Үүний дийлэнх нь “хил зөрчсөн” түймрийн уршиг гэнэ. 2012-2014 онд ОХУ-аас 19 удаа ой, хээрийн түймэр хил зөрчин манай улсын нутагт орж ирээд нэг сая орчим ой, бэлчээр шатааж, 365 сая гаруй төгрөгийн хохирол учруулжээ. Эдгээрийг унтраахад 54.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Монголд ганцхан жилд гарч байгаа нийт түймрийн 20 хувь нь ийм “хил зөрчигч”-ийн балаг байдаг аж. Тиймээс БОНХЯ Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ байгуулснаар Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймаг дахь улсын хил дагуу түймрээс хамгаалах 400 км урт зурвас байгуулаад байна. Энэ нь Улаанбаатараас Сэлэнгийн төв орох авто замын урттай тэнцэх юм. 2016 он гэхэд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймаг дахь улсын хилийн шугам дагуу 1000 гаруй км зурвас татна.