Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд цахилгааны үнийн урамшуулал олгох журмын дагуу Агаарын тухай хуульд заасан нөхцөл шалгуурыг хангасан 66.833 айл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанитай цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ байгуулж, хөнгөлөлтөд хамрагджээ. Эдгээрийн 63.637 нь сайжруулсан зуух ашиглаж, ахуйн хэрэгцээний 200 кВт.ц цахилгааны төлбөрийн 50 хувь, 3196 нь цахилгаан халаагуур ашиглаж, шөнийн цагаар хэрэглэсэн 3000 кВт.ц хүртэлх хэрэглээний цахилгааны төлбөрийн 50 хувийг сар бүр хөнгөлүүлж байгаа аж. Урамшуулалд хамрагдах гэрээ байгуулан хөнгөлөлт эдэлж байгаа ч цахилгааны төлбөрөө төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдийн тоо өсөх хандлагатай болж буй тул”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани үүргээ биелүүлээгүй хэрэглэгчдийн гэрээг цуцлах болсныг мэдэгджээ.
Дашрамд дурдахад Засгийн газраас цахилгааны үнийн хөнгөлөлтөд зориулж 2014 оны арваннэгдүгээр сарын 7-ны байдлаар давхардсан тоогоор 66.833 өрхөд зургаан тэрбум төгрөг (2011–2012 онд 20852 өрхөд 0.6, 2012-2013 онд 27908 өрхөд 1.9, 2013-2014 онд 17440 өрхөд 3.4)-ийг зарцуулсан байна.