Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор томуугийн өвчлөл буурахгүй байгаа аж. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 164.325 хүн амбулаториор үйлчлүүлсний 9253 нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Тодруулбал, 10.000 хүн тутамд 35.5 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар нэмэгдсэн байна. Тэгвэл нийслэлийн хэмжээнд 74100 хүн амбулаториор үйлчлүүлсний 4650 ийм өвчтэй байсан аж. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 91.6 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж буй бол тэдний 73 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байна.
Нийслэлийн зургаан дүүрэгт хүүхдийн Яаралтай түргэн тусламжийн нийт дуудлагын 29.5 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байгаа аж. Иймээс томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын тасагт хандан тариулахыг уриалж байна.