Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын ЯТХН, ЭМЯ-ны Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлөөс Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалтыг энэ сард зохион байгуулах гэж байна. Тус чуулганаар хот, хөдөөд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж, салбарын цаашдын чиг хандлагыг тодорхойлох, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр илтгэл тавих гэнэ.
Аймаг, дүүрэг тус бүрээс яаралтай тусламж, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч нарыг, төв эмнэлгүүдээс чанарын албаны дарга, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч нарыг хамруулах аж. Тус чуулганыг зохион байгуулснаар “Түргэн тусламжийн үндэсний сүлжээ хөтөлбөр”, “БОЭТ, Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг, нэгжийн үлгэрчилсэн журам”, мөн “Яаралтай тусламжийн шинэчлэл стратеги”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд түлхэц болох юм. Чуулга уулзалт энэ сарын 13-14-нд болно.