Монгол Улсын 14 аймгийн 89 суманд 2005 оноос хэрэгжүүлж байгаа “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрт хамрагдаж буй Дундговь аймаг 98 га газраа ногооруулжээ. Үүнд 92 сая төгрөг зарцуулсан байна. Тус аймгийн Сайхан-Овоо, Өлзийт, Гурвансайхан, Баянжаргалан сумаар “Ногоон хэрэм” өнгөрдөг. Ирэх жилээс энэ хөтөлбөрийн хоёр дахь үе шат эхэлнэ.
Үүнд иргэдийг татан оролцуулж, бүлэг нөхөрлөлүүдийн хүчээр цөлжилттэй тэмцэхээр энэ аймгийнхан төлөвлөжээ. Тус аймгийн Хулд сумын Олдох багийн малчин Ц.Содномбаатар гэхэд багийнхаа арав гаруй өрхийн хориод малчныг бүлэг болгож, Үл олдохын талд хааш хаашаа 50-60 хамгаалалтын зурвас байгуулах гэж байна. Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дахь Арц Богд уулын өвөр хоолойгоор үлээсэн салхи Үл олдохын талаар нэвт салхилахдаа өнгөн хөрсийг эвдэж суллан цөлжүүлж байгаа аж. Тиймээс хамгаалалтын ойн зурвас байгуулах замаар салхины хүчийг сааруулахаар болсон юм байна. Ц.Содномбаатар өмнө нь өвөлжөөнийхөө ойролцоох дэрстэй дөрвөн га талбайг хашиж хамгаалсан туршлагатай. Эдний бүлэг 49 га талбай хариуцан, эхний ээлжинд 30 га-д хамгаалалтын ойн зурвас байгуулах юм.