Арванхоёрдугаар сарыг Нийслэлийн замын цагдаагийн газраас “Аюул дагуулсан арванхоёрдугаар сар” хэмээн онцоллоо. Учир нь энэ сард шинэ жилийн баяр тэмдэглэхтэй холбоотой архидан согтуурсны улмаас амь насаа алдах, гэмт хэргийн хохирогч болох тохиолдол ихэсдэг тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг НЗЦГ-аас өнөөдөр анхааруулсан юм.
Согтуу жолоочийн буруугаас 136 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн байна. Тодруулбал, өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Улаанбаатар хотод зам тээврийн нийт 3697 осол гарснаас 455 ноцтой хэрэг бүртгэгдсэн бөгөөд эдгээр хэргийн улмаас 6 хүн нас барж, 555 хүн гэмтсэн байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 2546 жолоочийг илрүүлэн журамлаж байжээ.
Зөвхөн согтуугаар автомашин жолоодохоос гадна явганаар архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гудамж зам талбайд осгох хөлдөх, халдлагад өртөх, гэмт хэргийн золиос болох зэрэг байдлаар иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байдаг аж.
Өнгөрөгч онд шинэ жилийн баяраараа байгууллагынхаа тэргүүний ажилтнаар шалгарсан эмэгтэй үдэшлэгээ тараад харих замдаа гудамжинд осгож амь насаа алдсан харамсалтай явдал гарчээ.
Тиймээс байгууллагын удирдлагууд болон шинэ жилийн баяр зохион байгуулж буй шөнийн цэнгээний газрууд архидан согтуурсны улмаас биеэ хянах чадваргүй болсон хүмүүсийг өвлийн хүйтэнд харгалзах хүнгүйгээр гадагш гаргахгүй байх, нэгдсэн унаагаар үйлчлэх, тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, найз нөхөд ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх зэрэгт санаа тавьж ажиллахыг уриаллаа.