Засгийн газрын ээлжит хуралдаанаар ирэх онд тусгай зориулалтаар агнуулах амьтны тоо толгойг 40 угалз, 60 тэх, 15 халиун буга, 20 саарал чоно, 10 бор гөрөөс, 10 зэрлэг гахай байхаар тогтоолоо.
2013-2014 онд нийт 58 агнуурын бүс нутгийн агнуурын амьтны нөөцийг нарийвчлан тогтоосон байна. Энэхүү судалгааны тайлан, тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менжментийн төлөвлөгөөнд үндэслэн ирэх онд агнах амьтны төрөл, тоог тогтоожээ.
Тухайлбал, 12 аймгийн 36 сумын 40 агнуурын бүс нутаг 6200-7500 орчим аргаль хоньтой учир жилд 50-60 угалз агнуулах нөөцтэй аж. Мөн дөрвөн аймгийн 20 сумын 24 агнуурын бүс нутагт нийт 12.000 орчим янгир ямаа, найман агнуурын бүс нутагт 1450 орчим халиун бугын нөөцтэй байна. Харин зарим агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй учраас агнуулах амьтны тоо толгойг дээрх нөөцөөс бууруулж гаргажээ.
Дээрх тоо хэмжээгээр агнуурын амьтны нөөцийг ашигласан тохиолдолд 2015 онд 11 аймгийн 38 сумдын төсөвт агнуурын амьтны нөөц ашигласны төлбөр 1.668.600.000 төгрөг, хураамж 436.320.000 төгрөг нийт 2.104.920.000 төгрөг төвлөрөх аж. Үүнээс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу төлбөрийн 50 хувь буюу 834.300.000 төгрөгийг аймгийн болон тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн амьтны амьдрах орчныг сайжруулах, өсөж үржих нөхцөлийг бүрдүүлэхэд зарцуулах юм.
Одоогийн байдлаар Монгол орны хэмжээнд 58 агнуурын бүс нутгийг 11 ААН, байгаль хамгаалах иргэдийн хоёр холбоо, 10 нөхөрлөл, орон нутгийн зургаан ТББ менежментийг хариуцан ажиллаж байна.
Агнуурын менежментийг орон нутагт шилжүүлсэн бодлогын шинэчлэлийн үр дүнд хувийн хэвшил 2014 онд амьтны судалгаа мониторинг хийх, хөв цөөрөм байгуулах, давс хужир тавих, давс хужир, хөв байгуулсан газруудад хөдөлгөөн мэдрэгч камер байрлуулах, сургалт сурталчилгаа зохион байгуулах, идэвхтэн байгаль хамгаалагчдыг ажиллуулж байна.
Өнгөрсөн онд угалз 28, тэх 41, халиун буга 20, саарал чоно хоёр, бор гөрөөс дөрөв, цагаан зээр 16 толгойг тус тус тусгай зориулалтаар агнуулж 15 аймгийн 40 гаруй сумдын төсөвт амьтны нөөц ашигласны төлбөр, хураамжийн оролгод нийт 1.013.916.000 төгрөг төвлөрчээ.