Засгийн газрын Засгийн газраас АНУ-тай 2013 оны есдүгээр сарын 24-нд байгуулсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж зарим иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаад байсан. Үүнтэй холбогдуулан тус төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцсэн тэмдэглэл, бусад нотлох баримтыг гаргаж ирүүлэх хүсэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс тавьжээ. Тус Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Цэцийн гишүүнээс ирүүлсэн албан бичигтэй танилцав. Гишүүдийн олонх нь нэгдсэн хуралдаанаар тус төслийн хэлэлцээгүй, соёрхон батлаагүй учир тайлбар өгөх шаардлагагүй гэсэн байр суурьтай буйгаа илэрхийлсэн. Харин гишүүн Л.Болд эл төслийг ойрын үед хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэж байлаа. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Энэ бол Үндсэн хуулийн цэцийн оролцох асуудал биш учраас тайлбар өгөх шаардлагагүй. Үүнийг Байнгын хороогоор зөвшилцдөг. УИХ соёрхон баталдаг. Өөрөөр хэлбэл, хууль баталсны дараа ярих тул наана нь тайлбар өгч таарахгүй” гэлээ. Иймээс ч хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан санал хураасангүй. Харин Байнгын хорооноос Үндсэн хуулийн цэцэд албан бичиг хүргүүлэхээр тогтлоо.