Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-III” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн талаар ярилцаж, дэмжсэнгүй. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ц.Нямдорж, Ц.Баярсайхан нар өмнө нь хэрэгжүүлсэн “Тогтвортой амьжиргаа-I, II” хэт олон оновчгүй зүйлд зориулагдсан нь төслийг үр ашиггүй болгосон хэмээн шүүмжилсэн. Хэдийгээр урт хугацаатай ч нэгэнт төлж барагдуулах учиртай зээл учраас зайлшгүй шаардлагатай хөгжлийн хэрэгцээнд зориулсан төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай гэж байсан юм. Одоо хэрэгжүүлэх гэж буй төсөл нь орон нутагт засаглалыг бэхжүүлж, иргэдийн оролцоотой нэн тэргүүний ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой 16.100.000 зээлжих тусгай эрх (ЗТЭ)-тэй тэнцэх хэмжээний санхүүжилттэй. Зээлийн хөрөнгийн хүүгийн хураамж нь жилд 1.25 хувь бөгөөд 20 жилийн хугацаанд барагдуулах ёстой.