Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсад өнөөгийн байдлаар үндэсний, салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэхээр нийт 480 гаруй бодлогын баримт бичиг 1991–2013 оны хооронд баталсанаас 190 гаруй нь хугацааны хувьд хүчинтэй байна. Эдгээр бодлогын баримт бичгүүд нь үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө зэрэг нэршилтэй байна. Түүнчлэн хэрэгжих хугацаа, бодлогын зорилго, зорилт давхацсан, хоорондын уялдаа сул байгаагаас хэрэгжилт хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байна. Бодлогын баримт бичгүүдийн хэрэгцээ, шаардлагын үндэслэл, тооцоо, судалгаа нь хангалттай түвшинд хийгдэж санхүүгийн эх үүсвэртэй зохистой түвшинд уялдаагүй байгаа нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагын улмаас энэхүү төслийг боловсруулжээ.
Хэлэлцүүлгийн үеэр Ц.Нямдорж гишүүн, төслийг Засгийн газрын бүтцийн асуудал шийдэгдэж, салбарын сайдууд томилогдсоны дараа сайд нарыг нь байлцуулж, саналыг нь тусган хэлэлцэх шаардлагатай байна. Иймд энэ удаад хэлэлцэх асуудлуудаа түр хойшлуулаад шинэ Засгийн газрын сайд нарт нь асуудлаа судлан, оруулж ирэх боломж олгох саналтай байна хэмээв. Түүний гаргасан саналын талаар тус байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Засгийн газар хуулийн төслийг хэлэлцүүлгийн аль ч шатанд нь татаж авах боломжтой учир төслүүдийн хэлэлцэх эсэхийг нь шийдээд, нэгэнт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцээд явах нь зөв гээд хуралдааныг цааш үргэлжлүүлэн санал хураалт явуулав. Энэ удаад харин хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн болно.