Эрчим хүчний зохицуулах хороо маргаашнаас эхлэн цахилгааны үнийг 9.85, дулааны үнийг 13 хувиар нэмэхээр болсон. Өөрөөр хэлбэл, цахилгааны сарын хэрэглээ нь 150 кВт-аас бага гардаг өрх нэг кВт-ийн үнэд 85.70 төгрөг төлдөг байсан бол одоо 94.10 төгрөг төлнө. Харин 150 кВт-аас их гардаг өрх нэг кВт-д 103.60 төгрөг төлдөг байснаа нэмэгдсэн тарифаар 113.90 төгрөг төлөх нь. Мөн аж ахуйн нэгжийн цахилгааны нэг кВт-ийн үнэ 114 төгрөг байсныг 124.20 төгрөг болгожээ. Түүнчлэн орон сууцанд амьдардаг өрх дулааны үнэд ам.метр тутамд 325 төгрөг төлдөг байсан бол шинэ тарифаар 400 төгрөг төлөх юм. Харин аж ахуйн нэгжийнхийг 324 төгрөгөөс 373 төгрөг болгон нэмсэн байна. Ийн үнэ нэмэхдээ макро эдийн засгийн үзүүлэлтүүд, импортын эрчим хүч, нүүрсний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлжээ. Харин цахилгаан болон дулааны суурь хураамжид өөрчлөлт ороогүй. Цахилгааны суурь хураамж сарын 1000, дулааных 40 ам метр хүртэлх талбайтай бол 3000, 41-80 ам.метр талбайд 5000, 81 ам метрээс дээш талбайд 10.000 төгрөг хэвээрээ.
Эрчим хүчний зохицуулах хороо ийн үнэ нэмэхээсээ өмнө өнгөрсөн долдугаар сард айл өрх, албан байгууллагын цахилгаан эрчим хүчний нэг кВт-ын үнийг таван төгрөгөөр нэмэх шийдвэр гаргаж байсан. Үүнийг нь ШӨХТГ зөвшөөрөл олгоогүй байхад үнэ нэмэн, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж үзэж, шийдвэрийг нь хүчингүй болгон, холбогдох албан тушаалтнуудад торгууль ногдуулсан. Тэгвэл энэ удаа ч мөн үнэ нэмэхдээ ШӨХТГ-т мэдэгдээгүй байв. Тус газраас энэ талаар тодруулахад “Эрчим хүчний зохицуулах хороо манайд үнэ нэмэх тухай албан бичиг өгөөгүй. Бид судалж үзнэ” гэв. Харин Эрчим хүчний зохицуулах хорооныхон “Бид хуулийн дагуу журам гаргаж, үнэ нэмсэн” гэж тайлбарлалаа.
Нэмэгдсэн тарифаар нэг өрх цахилгаан болон дулаандаа хэдэн төгрөг төлөхийг жишээгээр харуулъя. 50 ам метр талбайтай орон сууцанд амьдардаг өрх одоо дулаандаа сард суурь хураамжаас гадна 16.250 төгрөг төлдөг. Харин нэмэгдсэн тарифаар 20.000 төгрөг төлнө. Тэгвэл сарын 260 кВт цахилгаан хэрэглэдэг Батынх сард хэдэн төгрөг төлдөгийг бодъё. 260 кВт-ын 150-ыг нь 85.70, үлдсэн 110 кВт-ыг нь 103.60 төгрөгөөр тооцохоор Батынх сард 24.251 төгрөг төлдөг байлаа. Харин маргаашнаас мөрдөгдөх тарифаар 150 кВт-ыг нь 94.10, үлдсэнийг нь 113.90 төгрөгөөр төлнө. Ингэхээр Батынх сард цахилгаандаа 26.644 төгрөг төлөх нь. Цахилгааны үнэ нэмэгдсэнээр нэг өрх сард 1500-3000 төгрөг нэмж төлнө гэж Эрчим хүчний зохицуулах хорооныхон тооцжээ.