Зарим эмэгтэй гишүүн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний гэр бүлийнхний төлөө ажилладаг “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагынхантай уулзаж, санал солилцлоо. Уулзалтад ирсэн ээжүүд амьжиргааны баталгаа хангагдахгүй байгаа болон оношилгоо, эмчилгээ, хөгжүүлж нийгэмшүүлэхэд төр бодлогоор дэмжих шаардлагатай байгаа талаар онцолсон. Харин гишүүд Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хамаатай хэд хэдэн чухал заалт оруулснаа дуулгасан юм. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төвийн асуудлыг тусгай заалтаар оруулах боломжтойг ч хэлж байлаа. Мөн ойрын үед Нийгмийн халамжийн тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу холбогдох журмын биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих болно гэв. Түүнчлэн бүх төрийн байгууллагад ядаж хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг ажлын байраар хангах хүсэлт хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ үеэр ээжүүд орлогын эх үүсвэртэй болох үүднээс чихмэл унага хийж, худаалдаалж буйгаа дуулгаад гишүүдэд дурсгасан юм. Үүний хамт тэд энэхүү гар үйлдвэрлэлээ жижиг, дунд үйлдвэр болгон өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.