Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний төслөө өчигдөр 19.00 цагийн орчимд өргөн барилаа. Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайд, Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 19 гишүүн ажиллуулах саналтай байгаа аж. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын, Гадаад хэргийн, Сангийн, Хууль зүйн, Аж үйлдвэрийн, Батлан хамгаалахын, Барилга, хот байгуулалтын, Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Зам, тээврийн, Уул уурхайн, Хөдөлмөрийн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын, Хүнс, хөдөө аж ахуйн, Эрчим хүчний, Эрүүл мэнд, спортын гэсэн яам толгойлох 15 сайдаас гадна Монгол Улсын сайдтай байхаар төсөлд тусгажээ. Энэхүү яамгүй, элдэв тодотголгүй сайд нь үндэсний хэмжээний цөөн тооны томоохон хэмжээний бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлэх юм байна. Дээр дурдсан 15 яамнаас Байгаль орчин, аялал жуулчлалын, Гадаад хэргийн, Сангийн болон Хууль зүйн яам ерөнхий чиг үүргийнх байна. Энэ дагуу Засгийн газар тохируулагч 10, хэрэгжүүлэгч 18 агентлагтай байх аж. Үүнтэй холбоотойгоор Цөмийн энергийн газар, Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар УИХ-д танилцууллаа. Мөн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, төрийн болон орон нутгийн өмчийн асуудлуудыг Ерөнхий сайд шууд удирдлагадаа хариуцан ажиллах гэнэ.