Дэлхий дээрх арван хүн тутмын нэг нь хөгжлийн ямар нэг бэрхшээлтэй төрдөг гэсэн статистик бий. Тэднийг асрахад суралцаж, нийгмийн амьдралд бүрэн оролцож чаддагг үй гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдынх нь тоог үүн дээр нэмбэл ойролцоогоор хоёр сая хүн энэ эмгэгээс үүдсэн асуудалтай амьдардаг гэж ДЭМБ-ынхан дүгнэсэн. Тиймээс НҮБ 1981 оны арванхоёрдугаар сарын 3-ныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарласнаас хойш эл арга хэмжээг дэлхий нийтээрээ тэмдэглэж ирэв. Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай сургууль өчигдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, хүүхдүүдийнхээ сурч боловсорч буй орчин нөхцөлийг олон нийтэд сурталчлав. 1976 онд байгуулагдсан тус сургууль өдгөө оюуны болоод хөгжлийн бэрхшээлтэй 460 гаруй хүүхдэд 70 гаруй багш хичээл зааж байна.
55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэг “Оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ямар орчинд суралцаж байна вэ. Хичээллэж буй анги танхим нь тэдний онцлогт тохирч уу, багш нар юу заадаг, хүүхдүүд юу сурч, хэрхэн нийгэмшиж байгааг олон нийтэд харуулахыг зорьсон. Тусгай сургууль байдаг гэж хүмүүс мэддэг ч энд ямар амьдрал буцалдгийг мэддэггүй. Төсвийн хэдэн төгрөгөөр суралцагсдынхаа орчин нөхцөлийг бүрэн сайжруулж чадахгүй байгаа. Үүнийгээ олон нийтэд ойлгуулж дэмжлэг авах нь чухал. Үр дүн нь эхнээсээ гарч байна. МСS, “Энержи ресурс”, “Айтизоне”, Монголын аутизмын холбоо багш нарт ширээ сандал, хүүхдүүдэд компьютер, сургуульд сүүлийн үеийн хэвлэгч машин, сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах бичиг бэлэглэсэн.
Мөн багш нарыг Япон, Малайзад мэргэшүүлэхээр боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд есөн жилийн боловсрол эзэмшээд МСҮТ-д сурдаг ч жирийн хүүхдүүдтэй адил боловсорч чадалгүй, сургуулиасаа гардаг. Тиймээс цаашид цэцэрлэг, дотуур байр, 12 жилийн боловсрол, мэргэжлийн сургалт гээд цогцолбортой болгохоор зорьж байна” гэж ярив.
О.БАТ-УНДРАХ