Монголын циркийн жүжигчдээ уриалан өчигдөр ХБК-ийн Циркийн тэнхмийн багш нар хэвлэлийн бага хурал зохион байгуулж үүссэн нөхцөл байдлын тухай мэдээллээ. Энэ сарын 23-нд Циркийн сургуулийн бэлтгэлийн байр болох хуучин циркийн байранд гал гарч, барилгын дээвэр, хананаас эхлэн гал дүрэлзсээр доторх бүх тоног төхөөрөмж нь шатжээ. Хэвлэлийн бага хуралд сурагчдын эцэг эх ч оролцсон юм. Тэд хүүхдүүдээ бие даан уран бүтээл хийхэд нь зориулж тоглолтын тоног төхөөрөмж хийлгэж өгсөн ч, түймрийн улмаас бүх зүйл шатаж, хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллийг сорьж буй. Улсын цирк хувьчлагдсаны дараа энэ л байранд циркчид цуглан, 70 жилийн ойн баяраа тэмдэглэхдээ ч, Анхдугаар чуулга уулзалтаа хийхдээ ч хуучин циркийнхээ жижиг өрөөнд цуглаж байв. Одоо тэдэнд бэлтгэл хийх болон бусадтайгаа нэгдэн санал бодлоо солилцох байр үгүй болжээ.
75 жилийн түүхтэй Циркийн сургуулийнхан энэ жил ойн баяраа тэмдэглэж, циркийн таван төрлөөр тэмцээн зохион байгуулж, залуу жүжигчдээ алдаршуулахаар төлөвлөсөн байсан юм. Харин одоо бол тэд тэмцээн хийх нь бүү хэл бэлтгэл хийх ч боломжгүй боллоо. Тиймээс ХБК-ийн Циркийн тэнхмийн эрхлэгч Ю.Гэрэлбаатар хандивын данс нээж, есдүгээр сард хичээл эхлэхээс өмнө тоног төхөөрөмжөө бүрдүүлэхээр шийджээ. Циркийн урлагт хайртай хүн бүхэн тэдэнд дэм болж Төрийн банкны 100100083961(Төгрөгийн), 100100083973(Долларын) дансанд хандив өргөхийг уриалж байна.
Монгол Улсын 21 аймгийн дөрвөөс бусад нь спортын ордонтой. Хотод ч гэсэн ард түмний хоёр тэрбум төгрөгийн хандиваар боссон Бөхийн өргөө бий. Харин циркт зориулсан нэг ч байр байхгүй. Улсын циркийн байрыг Монголын үндэсний цирк хувьчлан авсан ч эргэн тойронд нь худалдааны төв, уушийн газар ажиллуулж, тоглолтын танхимаа түрээслэхээс хэтэрсэнгүй.
Тиймээс циркчид Төр, ард түмнээсээ тусламж эрж буй юм. Түүнчлэн есдүгээр сард Циркийн сургуулийн хичээл эхлэхээс өмнө байртай болгож өгөхийг тэд гуйж байлаа. Уг нь ХБК-ийн хашаанд Циркийн сургууль бариулах зорилготой газар бий. Мөн 2014 онд 120 сая төгрөгөөр хийлгүүлсэн Монгол туургатны циркийн сургуулийн зураг төсөл багш нарын шүүгээнд одоо ч бий. Эдийн засгийн хямралаар далайлган улсаас олгох боломжтой байсан 10 тэрбум төгрөгөө тэд авч чадаагүй. Тэгвэл одоо нэг тэрбум төгрөг ч болтугай өгдөг юм бол хамгийн хямд зардлаар циркээ бариулах бодолтой байгаагаа Ю.Гэрэлбаатар ярьж байлаа.