Музей гэдэг тухайн улсынхаа түүх, соёлыг хадгалж байдаг алтан хайрцаг. Энэ хайрцаг доторх эрдэнэсийг хадгалж, хамгаалж, бас олон нийтэд үнэ цэнэ, ач холбогдлыг нь сурталчилж, хойч үедээ түүхээ таниулах үүрэгтэй хүмүүс нь музейнхэн. Гэтэл тэд үүргээ умартаж, хамгаалж байгаа эрдэнэстээ гар дүрэх болсоор удав. Үүнийг музейн сан хөмрөгийн улсын тооллого харуулна.
1990 он хүртэл иргэдийн ухамсар одоогийнхоос өөр, хүн чанар ч сайтай байж. Мартаад орхисон зүйл байрнаасаа “хөдөлдөггүй” байсан сайхан цаг үе учраас тооллого энэ тэр гэж сүржигнэж байгаагүй талаар мэргэжлийнхэн ярьдаг. Харин зах зээлийн нийгэмд шилжиж, хүн бүр л бор зүрхээрээ амьдралаа авч явахаар тэмүүлж эхлэх үеэс манайд соёлын өвийн наймаа цэцэглэжээ. Эхэндээ хувь хүмүүс голлох үүрэгтэй оролцож байснаа музейн ажилтнуудаар хүрээгээ тэлсэн байдаг. Иймээс 1994 онд Соёлын өвийг хамгаалах тухай хууль баталж, музейн сан хөмрөгийн тооллогыг дөрвөн жил тутамд хийхээр болсон. Анхны тооллогыг 1996-1997 онд хийсэн байдаг. Гэвч түүнээс хойш засаг барьж байсан эрх мэдэлтнүүд музейн сан хөмрөгөө тоолохоо мартчихсан. Харин 2007 онд Ж.Мөнхбат гэгч Замын-Үүдийн гаалиар нууцаар эртний эдлэлүүд авч гарах гээд баригдсан. Түүний хамсаатан нь Үндэсний түүхийн музейн сан хөмрөгч Ж.Энхбат гэдгийг мэдсэнээр БСШУ-ы сайд нойрноосоо сэрж, тушаал гарган, улсын хэмжээнд 34 музейн сан хөмрөг тоолох ажлыг нэг жилийн хугацаатай хийлгэв. Үр дүн нь таатай гарсангүй.
10 жилийн хугацаанд 38.706 үзмэр шинээр нэмэгдсэн хэрнээ тоологдвол зохих 207.683 эд өлгийн зүйлээс 206.109 нь л байв. 3287 үзмэр дутаж, үүнээс 141 нь хулгайд алдагджээ. Хууль бусаар акталж, бусдад шилжүүлсэн, нэгтгэж бүртгэсэн зэргээр 8823 үзмэр хасагдсан байна. Мөн 22 үзмэр хоорондоо солигдсон аж. Тэгвэл үүний дараагийн тооллогыг 2012 оны наймдугаар сарын 15-нд улс, аймгийн музейнүүдэд зэрэг эхлүүлж, 2013 оны арванхоёрдугаар сард Монголын үндэсний музейгээс бусдыг нь тоолж дууссан. Харин тус музейн тооллого өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд дууссанаар дүн гарсан юм. Тооллого ийн удаан үргэлжилсэн нь үзмэр олон, бүртгэлийн ажилд хуримтлагдсан асуудлуудыг цэгцлэх шаардлага байсантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарласан.
Мөн энэ тооллогын үеэр музейн бүртгэл, мэдээллийн системийг боловсронгуй болгох, бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэхэд анхаарчээ. Улсын ес, байгууллагын долоо, аймгийн 23, хувийн нэг, сүм хийдийн хоёр буюу нийт 42 байгууллага энэ тооллогод хамрагдсан. Анх удаа Монгол банкны Эрдэнэсийн сан, Шанхын баруун хүрээ хийд, Төвхөн хийдийн түүх, соёлын дурсгалт зүйлийг тоолсон бөгөөд нийт 228.652 үзмэр бүртгэжээ. Улсын тооллогоор есөн музейгээс 39 үзмэр, эд өлгийн зүйл дутаж, Эрдэнэзуу хийдийн 21 бурхан солигдсон дүн гарсан байна. Мөн найман музейд ямар материалаар хийсэн, хэрхэн ашиглагддаг, аль ангилалд оруулах нь тодорхойгүй буюу маргаантай 695 үзмэр байжээ.
Өдгөө дэлхий дахинд соёлын өвийн хууль бус наймаа ашиг орлогоороо хүний наймаа, хар тамхины дараа орох болсон. Соёлын үнэт зүйл, тухайн орны үндэсний аюулгүй байдалтай уялдах учраас бусад орон хуучин эдлэлийн худалдаа эрхлэгчдийг хянадаг тогтолцоо бүрдүүлж байгаа гэнэ. Мөн олон улсын музейн ажилтны ёс зүйн дүрмийг баримталдаг аж. Тухайлбал, ажилтан музейд байдагтай адил зүйл цуглуулахгүй, ашиг, сонирхлын зөрчилгүй байх үүрэгтэй. Сонирхол нь түүнийг музейнхээ үзмэрийг хулгайлахад хүргэж магадгүй гэдгээс сэргийлж буй нь энэ. Түүнчлэн музейнүүд ажилтан авахдаа тусгай шалгууртай аж. Харин манайд энэ тухай дурдсан нь үгүй. Өмнө нь бол музейн сан хөмрөгчийг захирал итгэл үнэмшлийнхээ дагуу тавь даг байж. Харин тэд хулгайн хэрэгт холбогдох болсноор төрийн захиргааны төв байгууллагатай нь зөвшилцөн томилох болсон байна. Мөн гэмт хэрэг үйлдэж байгаагүй гэсэн ерөнхий шаардлага тавихаас гадна музейд ажиллаж байгаа хүмүүсээс хөрөнгө орлогын мэдүүлэг авах болсон аж. Гэсэн хэдий ч музейн дарга, захирал, ажилтнууд нь мэргэжлийн бус хүмүүс байсаар, хулгай хийсээр байгаа юм.
Ганц жишээ гэхэд, 2008 оны тооллогоор Эрдэнэзуу хийдийн сан хөмрөгч гурван бурхан сольсон нь тогтоогдсон байдаг. Тэрбээр хэргээ хүлээн, ял авсан ч Ерөнхийлөгчийн гаргасан Өршөөлийн хуулиар суллагджээ. Гэвч дахин шалгах явцад нийт 21 бурхныг ижил төрлийн бурхнаар сольсон нь тогтоогдож, өдгөө ялаа эдэлж байна.
БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Нацагням “Үзмэр дутсан гэдэг нь хулгайлсан гэсэн үг биш. Дутсан 39 үзмэрийн олонх нь хулгайд алдагдсан. Зарим нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, алга болчихсон байдаг. Тэрнээс санаатайгаар гэмтээсэн, үрэгдүүлсэн, хадгалалт, хамгаалалтын байдлаас болоод эвдэрч, гэмтсэн зүйл байхгүй. Энэ удаагийн тооллогоор ийм хэмжээний нарийн тоо гарч байгаа нь бүртгэл мэдээллийн сангийн ажил жил ирэх тусам сайжирч байгаатай холбоотой. Бүртгэл цахим хэлбэрт шилжсэнээр өч төчнөөн цаас эргүүлдэг байснаа нэг товчлуур дараад мэдээллээ харах боломжтой болно” хэмээн ярилаа.
Дутсан 39 үзмэрийн цөөн хэд нь хулгайд алдагдсан гэж бүртгэгдсэн байгаа юм. Алга болсон ээмгийг тооллогын дараа олсон бөгөөд үлдсэн нь тодорхой шалтгаангүйгээр алга болжээ. Тэгэхээр энэ бүхэнд шууд болон шууд бус байдлаар музейнхэн хариуцлага хүлээх ёстой. Өнөөдрийг хүртэл хэрэгтэн олдохгүй байгаа нь сэжиг төрүүлэхгүй байна гэж үү.
Дутсан 39 үзмэрийн 21-ийг нь энэ удаа танилцуулж байна. Эдгээр үзмэрийн гурав нь хулгайд алдагдсан, нэгийг нь олсон, 17-гийнх нь алга болсон шалтгаан тодорхойгүй байгаа юм. Үлдсэн 18 үзмэрийг удахгүй танилцуулна.
2012-2015 оны музейн сан хөмрөгийн тооллогоор дутсан үзмэрүүд
1. Монголын үндэсний музей
|
№ |
Дутсан үзмэр эд өлгийн зүйлийн нэр |
Хэзээ, яаж, ямар шалтгаанаар дутсан. Олдсон, эсэх |
|
1 |
Ээмэг |
2012 оны арваннэгдүгээр сарын 7-нд “Чингис хааны өв” үзэсгэлэнд тавих зорилгоор эрдэм шинжилгээний ажилтан Ц.Одбаатар, Ц.Эгиймаа нар хүлээн авсан ч, буцаан сан хөмрөгт өгөх болоход олдоогүй. Энэ шалтгаанаар тэднийг ажлаас халсан ч, ээмэг олдсон тул эргүүлэн ажилд авчээ. |
|
2 |
Ясан эдлэл |
2012 оны тооллогоор дутсан. Олдоогүй. |
2. Монголын үндэсний музей (Хэлмэгдэгсдийн музей)
|
3 |
Гаанс |
2012 оны тооллогоор дутсан. Олдоогүй
|
|
4 |
Лааны тавиур |
|
|
5 |
Тодов |
|
|
6 |
Суварга |
3. Говь-Алтай аймаг
|
7 |
Бурхны баримал |
2011 оны гуравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө хулгайлагдсан. Олдоогүй. Аймгийн Цагдаагийн хэлтэс, Цагдаагийн ерөнхий газар албан бичиг өгч, хэргийн талаар тодруулах гэсэн ч мөрдөлтийн шатанд яваа гэж хариулсан. |
4. Дархан-Уул аймаг
|
8 |
Тээрмийн бул чулуу |
2008 оны тавдугаар сарын 13-ны шөнө хулгайлагдсан. Олдоогүй |
5. Өмнөговь аймаг
|
9 |
Шүрэн бугуйвч |
2004 оны арваннэгдүгээр сард хулгайлагдсан. Олдоогүй. |
6. Төв аймаг
|
10 |
Бурхан багш голлосон таван бурхны зурмал |
Урьд нь ажиллаж байсан сан хөмрөгийн эрхлэгч Э.Оюун ажлаа хаяж, БНСУ руу явснаас шинэ эрхлэгч томилж, ажил хүлээлцэх явцад эдгээр 12 үзмэр дутсан. Олдоогүй. |
|
11. |
Үзэг |
|
|
12 |
“Д.Нацагдорж нөхдийн хамт” гэрэл зураг |
|
|
13 |
Ж.Батмөнх Горбачев нар гар барьж байгаа зураг |
|
|
14 |
Ю.Цэдэнбалын хөрөг |
|
|
15 |
Д.Сүхбаатарын хөрөг |
|
|
16 |
Х.Чойбалсан, Бумцэнд нарын гэрэл зураг |
|
|
17 |
Эмнэлгийн тоног төхөөрөмж, үзлэг хийж байгаа гэрэл зураг |
|
|
18 |
1-2 насны хүүхдийн гэрэл зураг |
|
|
19 |
Ж.Самбуугийн гэрэл зургийн альбом |
|
|
20 |
10х15 см хэмжээтэй баавгайн сийлбэр |
|
|
21 |
24х12 см хэмжээтэй баавгайн сийлбэр |
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ