УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, гишүүн О.Содбилэг нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн мэдээллийг сонссон байна. Тус төсөлд хөдөлмөрийн хөлс, цалин, урамшууллыг бүтээмж, ур чадвартай нь холбож тогтоох, цагийн үнэлэмжийг нарийвчлах, цалингийн хэмжээг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулах, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх чиглэл баримтлахыг бүлгийн зүгээс сайдад анхааруулжээ.
Мөн Эрүүгийн хууль болон холбогдох хуулийн төслүүдийг дэмжих боломжгүй гэж үзэн, энэ тухайгаа УИХ-ын даргад хүргүүлэхээр болсон байна. Тухайлбал, тус хуулийн төсөлд баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэх 41 заалт оруулснаас гадна төрийн өмчийн төсвийн бус хөрөнгө буюу Хөгжлийн банк, “Чингис” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар тусгасан байна хэмээн онцлов. Эрүүгийн хуулийн төсөлд торгуулийн ялын мөнгөн хэмжээг тооцооны нэгж гэдэг шинэ зохицуулалтаар тогтоож, бизнес эрхлэгчдийг 20 саяас 13.3 тэрбум төгрөг хүртэл торгохоор тусгасныг хэтэрхий их байна гэж үзжээ.
Эрүүгийн хуулийн төслийн 19.6-д заасан “Туйлширсан хууль бус үйл ажиллагаа явуулах” гэдэгт “Олон нийтийг хэт туйлширсан үйл ажиллагаанд уриалсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, твиттер, фэйсбүүк, цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлж, санал сэтгэгдэл бичсэн хэн боловч энэ зүйл ангиар шийтгүүлэх боломжтой хэмээн тэд тайлбарласан. Энэ нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, хүний эрхийн суурь зарчим болсон “хүнд итгэл үнэмшлийнх нь төлөө эрүүгийн хариуцлага ногдуулахгүй байх” үндсэн зарчимд харшлахуйц өргөн агуулгатай болсон гэв. Мөн төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийг одоо хэлэлцэж буй Эрүүгийн хуулийн төслөөс хасчээ.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийг хэрэглэх үед гардаг нэг нийтлэг асуудал нь улсын болон орон нутгийн батлагдсан төсвөөс гадуур данс нээж хандив авч зарцуулсан, бусад хөтөлбөр, төслийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан этгээд хуулийн хариуцлагын гадна үлдэх боломжтой байдаг явдал юм. Тиймээс энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн төсөлд нэмж тусгуулах нь зүйтэй гэжээ.
Б.УРАН