Шүүх байгуулах тухай хууль маргаашнаас хэрэгжихтэй холбогдуулан шүүхүүдийн нэр, харьяалал өөрчлөгдөж буй болон эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өчигдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд 8178 хүн эрүүгийн хэрэгт ял шийтгүүлжээ. Энэ нь өмнөх оноос 1.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн өнгөрсөн онд 1762 хүнийг хорих ял эдлэх хугацааны өмнө тэнсэн суллах шийдвэрийг шүүх гаргажээ. Манай улсад хүний амь санаатай бүрэлгэх, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах, эд хөрөнгө хулгайлах, танхайрах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг долоон төрлийн гэмт хэрэг зонхилж байгаа гэнэ.
Урьд нь ял шийтгүүлсэн хүн дахин гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэх хандлагатай байгааг судалгаагаар тогтоожээ. Харин хүүхдүүд ял шийтгүүлэх нь 17 хувиар буурсан эерэг үзүүлэлтэй байна. Гэхдээ ял шийтгүүлсэн хүмүүсийн олонх нь буюу 49.5 хувь нь 18-29 насныхан. Ял шийтгүүлж буй хүмүүсийн олонх нь хөдөлмөрийн насны, боловсролгүй хүмүүс байна. Урьд нь ял шийтгүүлсэн хүмүүс дахин гэмт хэрэгт холбогдох нь түгээмэл байгаа учраас тэднийг нийгмийн амьдралд хөл тавихад нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэж ШЕЗ-ийн референт С.Билгүүн хэлэв.
Долдугаар сарын 1-нээс хэрэгжих Шүүх байгуулах тухай хуульд оруулсан зарим өөрчлөлтийн талаар ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “Давж заалдах шатны шүүхтэй холбоотой гомдол иргэдээс олон ирдэг байсан. Тухайлбал, Увс, Баян-Өлгий аймгийн иргэд цаг, мөнгөө үрж, Ховдод очиж шүүх хуралд оролцдог байлаа. Харин одоо иргэдийн хүсэлтээр шүүгчид тухайн аймагт нь очиж шүүх хурал зохион байгуулах юм. Шүүхийн нэр өөрчлөгдөж байгаа учраас тамга тэмдэг нь бас солигдоно. Үүнд 50-иад сая төгрөг төсөвлөсөн” гэв.