Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Улаанбаатарт шинээр Олон улсын циркийн сургууль байгуулахаар шийдвэрлэсэн тухайгаа дахин мэдээлж буй. Учир нь саяхан циркчдийн бэлтгэл сургуулилалтаа хийдэг Хуучин циркийн байр шатаж ХБК-ийн циркийн тэнхмийн 64 сурагч, 10 багш, 200 орчим уран бүтээлч очих газаргүй болсон.
Тэгвэл өнгөрсөн жил Монгол туургатны циркийн сургууль барих шийдвэр гарч, ХБК-ийн хашаанд газар олгож, 120 сая төгрөгөөр “Балданс” ХХК-аар барилгын зураг төсөл хийлгэсэн тухайгаа БСШУЯ-наас мэдээлж байгаа нь олон нийтийг тайвшруулах гэсэн нэг оролдлого бололтой. Уг нь ХБК-ийн дотуур байрны баруун талд баригдах шинэ сургууль хуучнаасаа гурав дахин том бөгөөд сургалтын танхим, циркийн манежаас бүрдсэн таван давхар барилгатай байхаар төлөвлөгджээ.
Ирэх намар хичээл эхлэхэд сурагчдаа хаана хичээллүүлэх мөн уран бүтээлчдэдээ ямар дэмжлэг үзүүлэх талаарх асуудлыг БСШУЯ яаралтай шийдээгүй байгаа хэдий ч үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан ирэх жилийн төсөвт Монгол туургатны циркийн сургууль барих хөрөнгийг суулгана хэмээн мэдэгдлээ.