Харилцагчдынхаа хувийн болон санхүүгийн мэдээллийн нууцлалыг хангах нь банкны үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг илтгэх үндсэн үзүүлэлтийн нэг. Гэвч манайд хуурамч программ хангамжийн хэрэглээ 90 гаруй хувьтай байдаг аж. Өөрөөр хэлбэл, олонх нь хямд үнийг эрхэмлэж, хуурамч бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн үг. Уг нь бол оюуны өмчийн зөрчилтэй, хуурамч бүтээгдэхүүнийг үнэгүй, эсвэл бага өртгөөр ашиглах нь байгууллагын өрсөлдөх чадвар, цаашдын хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна. Түүнчлэн оюуны өмчийн эрхийг хамгаалах нь эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухал нөлөөтэй аж. Иймээс Монгол дахь Америкийн худалдааны танхим, Монголын банкны холбоо, “Майкрософт” корпораци хамтран оюуны өмчийг дээдлэгч банкуудыг тодрууллаа. Олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг салбартаа нэвтрүүлэн, оюуны өмчийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэмээн үнэлж “Голомт”, “Хас”, Худалдаа хөгжлийн банкийг “Оюуны өмчийг дээдлэгч”-ээр өчигдөр өргөмжлөв. Эдгээр банк 2013-2014 онд “Майкрософт” корпорацитой хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Ингэснээр тэд программ хангамж, дагалдах үйлчилгээг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр авч, харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах болсон байна.