Баянзүрх дүүргийн III, VII хорооны иргэдийн хүсэлт, цагдаагийн байгууллагаас гаргасан судалгааг үндэслэн Баянцээлийн гудамж, Сансар үйлчилгээний төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоох саналыг тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн байна. Ийн тэргүүлэгчдээс гаргасан саналыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд уламжилахаар болжээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү “Баянзүрх дүүргийн III, VII хорооны оршин суугчдын хувьд шөнө оройн цагаар маш хүнд нөхцөлд амьдардаг гэж хэлж болно. Цаг хэтрүүлэн хууль зөрчиж ажиллаж байгаа баар цэнгээний газруудад үйлчлүүлсэн иргэдийн соёлч, боловсон биш харилцаа, хөгжим болон бусад байдлаас үүссэн дуу чимээнээс болж тус хорооны оршин суугчид дайжихдаа тулсан. Баар цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэдээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Зөвхөн энэ хоёр хорооны нутагт гарсан гэмт хэргийн дийлэнх нь танхай, дээрэм, хулгай, цаашилбал хүчингийн гэмт хэрэг эзэлж байгаа нь энэ асуудалд анхаарал хандуулах шаардлага бий болсныг харуулж байна. Эдгээр хороонд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 60 аж ахуй нэгж бий. Энэ тоонд архи согтууруулах ундаа худалдаалдаг бөөний цэг, худалдааны газрууд, том жижиг зочид буудлыг оруулаагүй байгааг анхаарах хэрэгтэй” гэв.
Дашрамд дурдахад, Сансар үйлчилгээний төв буюу III хорооны нутаг дэвсгэрт 23, Баянцээлийн гудамж дагуу 37 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг юм байна. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх нь зөрчигдөж байгаа тухай оршин суугчдаас ирүүлсэн удаа дараагийн гомдлын дагуу дүүргийн Цагдаагийн хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтсээс явуулсан судалгааны дүнг ИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэж III, VII хороог “Архигүй-Амар тайван хороо” болгох саналыг дэмжиж шийдвэрлэсэн байна.