Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн сургалттай 11 жилийн 55 дугаар бүрэн дунд сургуульд "KHAAN QUEST-2015" Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хүрээнд тохижилт, засварын ажил хийгдэж байна. Барилга инженерийн хамтарсан ажиллагааны хүрээнд тус сургууль дээр зургаан төсөл хэрэгжиж байгаа юм. Тодруулбал, сургуулийн гадна хашаа, анги танхим, хаалгыг шинэчилжээ. Мөн сургуулийн ариун цэврийн өрөөнүүд бүрэн засвар хийж, эмчилгээний биеийн тамирын өрөөг засч тохижуулах ажил хийгдэж байна. Түүнчлэн биеийн тамирын талбай болон спорт заалыг засч шинэчилж байгаа аж. Дашрамд сонирхуулахад, барилга инженерийн хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааг 2006 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн аж. Энэ сургуулилтын хүрээнд орон нутаг болон нийслэлийн захын дүүргүүдэд байрлах сургууль, цэцэрлэг, дотуур байрууд, өрхийн эмнэлгийн барилга байгууламжид засвар хийх, худаг, халуун усны байр барих зэрэг тусламжийн ажиллагааг АНУ-ын барилгын цэргийн бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулдаг уламжлалтай.