ОХУ-ын Өвөр Байгалын хязгаараас Хятадын “Хуаэ Синьбан” компанид 115 мянган га газар 49 жилийн хугацаагаар түрээслүүлнэ хэмээн зарласан нь нэлээд шуугиан тариад байгаа билээ. Нутгийн байгаль хамгаалагчдаас эхлэн улстөрчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, уг наймааг буцаахыг шаардсан. Тэгвэл тус хязгаарын захиргаанаас газраа зөвхөн хятадуудад түрээслээд байгаа юм биш, монголчуудад ч гэсэн өгмөөр байна гэж мэдэгдлээ.
Өвөр Байгалын хязгаарын Шадар сайд Алексей Шеметов Монголын компаниуд хэдийгээр хөрөнгө оруулах санал тавиагүй байгаа ч удахгүй хандах байх гэдэгт итгэж байна гэжээ. Өвөр Байгалын хязгаарын жишээг буриадууд ч гэсэн дуурайж эхэллээ.
Буриадын Эдийн засгийн сайд Татьяна Думнова монголчуудад газар тариалангийн талбай түрээслүүлэх бодолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Цаг уур, газрын онцлогоос болоод монголчууд шаардлагатай хэмжээний цавуулагтай буудай үйлдвэрлэж чадахгүй байгаа юм. Тийм болохоор бид газар өгөхөд бэлэн байна” гэж мэдэгджээ.
М.СУГАР-ЭРДЭНЭ