УИХ дахь АН-ын бүлгээс МАН-ын бүлэгт өчигдөр мэдэгдэл хүргүүллээ. Засгийн газарт хамтарч, хөгжлийн томоохон төслүүд, гол хуулиудаа батлах зорилгодоо МАН хүрэхгүй байна хэмээн АН-ын Гүйцэтгэх зөвлөл энэ сарын 23-нд болсон хуралдаанаараа үзсэн юм. Улмаар Засгийн газарт хамтран ажиллахаар намуудтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хэлэлцээд танилцуулах үүргийг УИХ дахь бүлэгтээ өгсөн.
Үүний дагуу АН-ын бүлэг уржигдар энэ асуудлыг хэлэлцээд “МАН-тай байгуулсан гэрээний хэрэгжилт хангалтгүй” хэмээн үзсэн аж. Тиймээс дээрх мэдэгдлийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод илгээж, “сүүлчийн боломж” өгсөн байна. Мэдэгдэлд “Хаврын чуулган завсарлахад бага хугацаа үлдэж байгаа тул зайлшгүй шаардлагатай хуулийн төслүүдийг УИХ цаг алдалгүй хэлэлцэн батлах нь Монголын ард түмний эрх ашигт нийцнэ.
Тиймээс гэрээний хэрэгжилтэд анхаарч, төлөвлөсөн хууль, тогтоолын төслийг хэлэлцэн батлахад саад учруулахгүй, хамтран ажиллахыг мэдэгдэж байна” гэжээ.
С.УУЛ