Монгол төрийн их баяр наадам эхлэхэд аравхан хоног үлдлээ. Наадамчид бөх нь хүчтэй, морь нь хурдан, харваачид нь мэргэн байхын ерөөлөөр баяр наадамтайгаа золгодог уламжлалтай.
Жил ирэх бүр бөхийн барилдаан наадамчин түмний сэтгэлийг догдлуулсан уран хурц барилдаанаар дүүрэн сонирхолтой, үзүүштэй болдог. Наадамд зодогдох хүчтэнүүд маань аймаг, дэвжээгээрээ гал болон гарч баяр наадмын бэлтгэл сургуулилалтаа базаан, бяр хүчээ жигдрүүлж байна. Манай сонины сурвалжлах баг бөхийн галаар явж, тэдний бэлтгэлийн талаар уншигчдадаа хүргэхээр зорилоо. Бид үе үеийн алдарт бөхчүүдийн бэлтгэлээ базааж байсан Сүүж уулын амралтад очсон юм. Энд Хөвсгөл, Завхан, Ховд, Дорнод, Дорноговь аймгийн 200 гаруй бөх наадмын бэлтгэлдээ гарчээ. Завхан аймгийн “Завхан дэвжээ”-нд 30 гаруй бөх наадмын бэлтгэлээ хийж байна. Тус галыг энэ жилээс улсын начин Ж.Оргил ахалж байгаа. Сүүлийн жилүүдэд Завханы бөхчүүдийг аймгийн арслан Ж.Сүхбат дасгалжуулж байсан юм. Завхан нутгийн дэвжээнд улсын гарьд М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан нар бэлтгэлээ базааж байна. Ноднингийн наадмаар таавар эвдэж, том цолтнуудыг хаясаар үзүүрлэсэн Ш.Жаргалсайхан гарьд наадмын одтой бөхчүүдийн нэг. Өнгөрсөн намраас хойш Бөхийн өргөөнд төдийлэн олон зодоглоогүй ч Ш.Жаргалсайхан улсын наадмаар дээшээ үзэх хүчтэн дээ. Мөн Завхан дэвжээнээс бөх сонирхогчид Б.Гончигдамбад ихээхэн итгэл хүлээлгэж байгаа. Чөлөөт бөхийн суурьтай энэ залуу жил, жилийн наадмаар түрүүлэх бөхийн тоонд нэрлэгдэж буй. Б.Гончигдамба хэнтэй ч таарсан өөрийн гэсэн онцлогоо гарган барилддаг бөх. Өнгөрсөн жилийн наадмаар Завхан аймгийн Алдархаан сум улсын начин цолтон хоёрыг өлгийдөн авсан нь Л.Лха-Очир, Б.Бадамсүрэн нар юм. Залуу начингууд наадмаар цолоо баталж, ахиулах бүрэн боломжтой. Ялангуяа Л.Лха-Очир начин улсын цолтны гэр бүлд багтсанаас хойш Бөхийн өргөөнд болсон барилдаануудад тогтмол сайн барилдсан. Завханыхан зөвхөн улсын цолтнууд гэлтгүй аймгийн арслангууддаа итгэл хүлээлгэж буй. Тэд бол аймгийн арслан Г.Баасандорж, Ш.Пүрэвгарьд, Б.Чимэдвандан нар юм. Уран хурц, зоригтой дайчин барилдаанаараа үзэгч олныхоо хүндэтгэлийг үргэлж хүлээдэг Шархүүгийн Пүрэвгарьд гэх залууг бөхийн хорхойтнууд энэ жил улсын цолны босго алхана хэмээн бодож суугаа нь дамжиггүй биз ээ. Тэрбээр өнгөрсөн жил улсын баяр наадмын дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбаттай оноолт таарч шийдсэн мэхээ хийсэн ч залуу аваргыг хараахан бараагүй юм. Энэ жил хэрэв дөрвийн давааны оноолт давгүй таарвал Ш.Пүрэвгарьд есөн хөлт цагаан тугаа тавантаа тойрно. Мөн ноднингийн наадмаар дөрвийн даваанд улсын арслан П.Бүрэнтөгсийг өвдөг шороодуулсан Г.Баасандоржид бас боломж бий. Өнөө үеийн шилдэг хүчтэнүүдийн нэг, улсын гарьд Б.Гончигдамбын гарын шавь Б.Чимэдвандан удаан хүлээсэн аймгийн арслан цолоо авсан тул энэ жил улсынхаа наадамд зодоглох биз ээ. Завханы бөхчүүд үндэсний бөхийн бэлтгэлээ өглөө хийсэн тул биднийг үдээс хойш очиход ихэнх нь амарч байсан бөгөөд улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй хэдхэн залуус бэлтгэл хийж байлаа. Б.Гончигдамбын бэлтгэлийг чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр хангуулж байв. Гарьд эхлээд бие халаалтын бэлтгэлээ хийж дараагаар нь залуу бөхчүүдтэй цувран барилдсан юм.

Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн дэвжээ”-нд энэ жил 40 гаруй бөх бэлтгэлээ базааж байгаа аж. Тус дэвжээг улсын харцага Г.Ганхуяг дасгалжуулж байна. Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Ц.Содномдорж, улсын начин М.Эрдэнэбат, А.Батмөнх нарын бөхчүүд Хоймор нутгийн нэрийг дуурсгаж, цолоо ахиулахаар бэлтгэлээ тун чамбай хийж байгаа харагдлаа. Мөн Хөвсгөлөөс аймгийн арслан А.Давааням, Б.Хаш-Эрдэнэ, Б.Ганхуяг, Ч.Хөхчирэнгэр нар улсын цолд зүтгэх учиртай. Тэдний бэлтгэл жигдэрчээ. 2004 оноос хойш улсын баяр наадамд алгасалгүй шөвгөрсөн хүчит арслан Х.Мөнхбаатар Сүүж ууланд 15 дахь жилдээ наадмын бэлтгэлээ базааж байгаа гэнэ. “Наадмын бэлтгэл сайхан хангагдаж байна. Манай галаас улсын харцага Ц.Содномдорж, аймгийн арслан А.Давааням, Ч.Хөхчирэнгэр нар өнгөтэй сайхан байна” хэмээн ярилаа.
Биднийг Сүүжид зочлоход бөхчүүд үндэсний бөхийн бэлтгэлээ хийж байв. Энэ үеэр наадмаар дээгүүр үзэх бөхчүүдийн нэг улсын харцага Ц.Содномдорж гол өрсөлдөгч нарын нэг улсын гарьд Б.Гончигдамбын бэлтгэлийг тун гярхай ажиглаж байлаа. Наадам ойртсон энэ мөчид Ц.Содномдорж харцага гол өрсөлдөгчийнхөө бэлтгэл хэр байгааг харж байгаа нь тун зөв. Улсын харцага Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба нар дээгүүр даваанд тунаж хүч үзэх магадлал өндөр бөхчүүд.
Ховд аймгийн “Ховд дэвжээ”-ний бөхчүүд жил бүр Сүүж уулын аманд бэлтгэлээ базаадаг бол энэ жил хоёр хуваагдан гарч байна. Улсын заан Ц.Мягмарсүрэн “Хилчин” спорт хорооны дарга болсон учир Бугын сангийн аж ахуйд “Хилчин”-ий бөхчүүд болох аймгийн арслан О.Хангай, аймгийн заан Б.Бадамгарав, аймгийн харцага Б.Анхжаргал, аймгийн начин Ц.Адъяа, Баян-Өлгий аймгийн арслан Б.Баатарцол, аймгийн харцага Б.Төмөрбаатар нарыг аваад гарчээ. Улсын харцага Т.Амартүвшин, Г.Алтангэрэл, улсын начин Ц.Лхагвасүрэн, Н.Батзаяа, Ч.Цогбаяр, аймгийн начин Б.Отгонцоож, Ц.Заяатүшиг, Г.Хишигбат нарын бөхчүүд мөн Сүүжид бэлтгэлдээ гарчээ. Бяртай начин Ч.Цогбаяр бэлтгэлийн үеэр нэлээдгүй жин хассан харагдав. Бид улсын харцага Т.Амартүвшинтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Би Сүүж ууланд 15 жил наадмын бэлтгэлээ базааж байна. Энэ жил Сүүжид харьцангуй олон бөх гарлаа. Эдгээрийн дотор улсын цол авах залуус олон байгаа болов уу. Мөн цолоо баталж, ахиулах бөхчүүд ч байна” хэмээн ярив. Ховдоос улсын наадамд түрүүлэх бөхчүүдийн тоонд орж яваа хүний нэг улсын харцага Б.Пүрэвсайхан Ч.Бямбадорж зааны удирдлага дор Эрдэнэтэд бэлтгэлээ базааж байгаа аж.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ төрийн наадмын арав гаруй түрүүгээ Сүүж ууланд бэлтгэлээ базаан хүртсэн байдаг. Түүний үүсгэн байгуулсан “Аварга” БТДС-ийн бөхчүүд энд наадмын бэлтгэлээ хийж байна. Тэднийг нэгэн үе уран хурц, дайчин шуурхай барилдаанаараа үзэгч олноо баясгаж явсан улсын начин Б.Адъяахүү дасгалжуулж байгаа юм. “Аварга”-ын галд олон жил улсын цолд зүтгэж яваа аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар бэлтгэлээ чамбайруулсаар. Үеийн үед хурдан шандаст хүлгээрээ алдартай Сүхбаатар аймгийн энэ хүчтэн тун өнгөтэй байсныг нуух юун. Улсын начин Б.Адъяахүү “Манай сургууль 30 гаруй бөхтэй наадмын бэлтгэлээ базааж байна. Сүүж энэ жил газар их хуурай, халуун байгаа тул үндэсний бөхийн бэлтгэл төдийлэн хийсэнгүй. Гэхдээ бөхчүүдийн бэлтгэл ерөнхийдөө жигдэрч байна. Улсын цол горьдож яваа залуусаас хэн бэлтгэл сайтай, тухайн өдөр одтой байгаа нь сайн барилдах болов уу.
Миний гол анхаарч буй, бөх цөөтэй аймгууд буюу говийн дөрвөн аймаг, зүүн гурван аймаг, Баян-Өлгий гэх мэт аймгуудын өсвөрийн бөхчүүдийг бэлдэж байна. Мөн Баянхонгор, Ховд, Архангай аймгийн хүүхдүүд ч бий” гэлээ.
Наран ургах зүг Дорнод нутгийн бөхчүүд улсын начин Цогзолдоржоор ахлуулан Сүүжид бэлтгэлээ хийж байна. “Дорнод нутаг” дэвжээнд ширүүн барилдаанаараа бөх сонирхогчдын хэдийнэ танил болсон аймгийн арслан П.Мөнхбат тэргүүтэй олон залуус буй.
Дорноговь аймгийн “Хутагтын хүчтэн” дэвжээний бөхчүүд аймгийн начин О.Болд-Эрдэнийн удирдлагаар бэлтгэлээ бас базааж байна. Тэд Сүүжид ирэхээс өмнө “Бүрдний элс” хэмээх газар сэргэлтийн бэлтгэлээ хийгээд ирсэн аж. Арал, бяр дүүрэн харцага А.Цацабшир наадмаар дээшээ үзэх хүчтэнүүдийн нэг. Энэ галд мөн аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, аймгийн арслан Т.Пүрэвсүрэн, Т.Буянжаргал, үе үехэн томчуудын зүрхэнд “шар ус хуруулдаг” аймгийн начин С.Бямбадорж нарын бөхчүүд байгаа үзэгдлээ.
Дашрамд дурдахад сүүлийн таван наадмын дөрвөн түрүүг аваад буй Увс аймгийн “Увснуур дэвжээ” уламжлал ёсоор “Харзтай”-д бэлтгэлээ базааж байгаа бол Архангай аймгийн “Бөхбилэгт дэвжээ”-нийхэн Налайхын “Саам” амралтын газар дархан аварга Г.Өсөхбаярын удирдлагад хүч бяраа хурцалж байна. Сэлэнгэ аймгийн “Таванхан дэвжээ”-ний хүчтэнүүд нутгийнхаа “Гүн нуур” хэмээх газар улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн заавар зөвлөгөөгөөр бэлтгэлээ хийж байна.
Б.ЦОГТ-ОЧИР