Сүүлийн таван жилийн эхний зургаан сарын хугацаанд улсын хэмжээнд гарсан аюулт үзэгдэл
ОБЕГ-аас манай улсад гарсан аюулт үзэгдэл, ослын талаарх мэдээллийг өчигдөр хүргэлээ. Энэ оны эхний зургаан сард ой, хээрийн түймэр, галзуу, шүлхий, аадар, үер, аянга цахилгаан, хүчтэй салхи, шуурга, газар хөдлөлт, усны осол зэрэг аюулт үзэгдэл 3028 гарч, 62 хүн амиа алдаж, 44 хүн түлэгдэж, бэртэн, халдварт өвчнөөр өвчилж, 30.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдлийн тоо 23.4, хохирлын хэмжээ 72.4 хувиар өссөн таагүй мэдээ юм. Аюулт үзэгдлийн талаас илүү буюу 1827 нь Улаанбаатар хотод тохиосон нь анхаарал татаж буй.
Нийт аюулт үзэгдлийн 91.3 хувь нь ой хээрийн болон объектын түймэр бол үлдсэн нь биологи, хүний үйл ажиллагаа, цаг агаараас хамааралтай байгаа аж. Сүүлийн таван жилийн эхний зургаан сарын хугацаанд улсын хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, ослын тоо ойролцоогоор 300-гаар нэмэгдсэн байна.
Ч.ТУЯА