Дэлхийн хамгийн ховор баавгайн нэг пандаг хамгаалах талаар Хятад улс олон төрлийн ажил хийдэг. Хэрэв та тус улсад аялж, зугаалах гэж байгаа бол Сычуань мужид байдаг “Панда Инн” хэмээх ер бусын зочид буудалд очихыг зөвлөж байна.
32 өрөөтэй авсаархан уг буудлын бүх тавилга хэрэгсэл аяга таваг, дэр, саван нь хүртэл панданы зурагтай. Буудлын хаалган дээр инээмсэглэж буй панда баавгайн том хөшөө таныг угтах бол панданы хувцас өмссөн үйлчлэгч танд үйлчлэхэд хэзээд бэлэн. “Панда Инн”-ий ресторан цагаан хоолтой. Мэдээж шүү дээ, панда хулс мод идэн, бараг мах хэрэглэдэггүй амьтан.
Зочид буудлын хоёр хүний өрөө 688 юань бол хамгийн тансаг өрөө 2388 юанийн үнэтэй. Буудлын ойролцоо панда судлах, үржүүлэх төв байрлах бөгөөд 522 юаниар панда баавгайн амьдралтай танилцаж болно.