МУГЖ С. Жавхлан, гавъяат тамирчин Ц.Шаравжамц тэргүүтэй хүмүүс төр засгийн буруутай үйл ажиллагаа, ард түмнээ гэсэн сэтгэлгүй байгаад бухимдаж буйгаа илэрхийлэн өнөөдөр Чингис хааны талбайд үсээ хуслаа.
Дуучин С. Жавхлан “Эх орон, газар нутгийнхаа төлөө төр засгийг дорвитой шийдвэр гаргахыг хүлээж суусаар залхлаа. Хэн нэг нь дуугарч, хэлнэ биз гэж хойш суух биш, иргэн бүр энэ тэмцэлд нэгдэх хэрэгтэй. Бид газар шорооныхоо төлөө тэмцэж эсэргүүцлээ илэрхийлэхгүй бол Засгийн газрын ордонд суусан 76 ямаа хийхгүй. 2012 онд Монгол Улсын эдийн засаг огцом өсөлттэй гарч дэлхийг гайхуулж байсан бол гурван жилийн дараа буюу 2015 онд гүнзгий хямралд орлоо. Тиймээс шудрага бус төрийг буулгая. Ард олон, залуучуудаа дэмждэггүй, тэдний үзэл санааг сонсохгүй төр бидэнд хэрэггүй. 2008 оны долоодугаар сарын 1-н монголчуудын хувьд хар өдөр болж өнгөрсөн. Энэ өдрийг цагаан болоосой гэж хүсэн миний бие энэ үйл явдыг санаачилсан. Би хар толгойдоо биш эх орондоо хайртай учраас үсээ хуслаа. ” гэсэн юм.
Харин аавынхаа гараар үсээ хусуулсан МУГТ Ц.Шаравжамц “Аав маань хүүгээ зөв зүйл хийж байгаад итгэн үсийг минь хусаж өглөө. Монголчууд төр засагтаа дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Миний хувьд дуучин С.Жавхлангийн үйл хэргийг дэмжсээр ирсэн бөгөөл өнөөдрийнх нь үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож байна.” гэв.
С.Жавхлангийн энэ үйлдлийг дэмжиж Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг иржээ. Тэдний хувьд ч үсээ хусч, төр засагт дуу хоолойгоо хүргэж, эсэргүүцлээ илэрхийлж байлаа.