УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Тогтоолын төслийн талаар санаачлагч гишүүн Д.Ганбат танилцуулсан юм. Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг баталсан УИХ-ын 1993 оны 59 дүгээр тогтоолыг гарснаас хойших хугацаанд нийт долоон удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Тогтоолын нэгдүгээр хавсралтад прокурорын газрын нэрийг Дархан хот, Эрдэнэт хот, Чойр хот дахь прокурорын газар, прокурорын газрын байрших газрын нэрийг Цэцэрлэг хот, Өлгий хот, Булган хот гэм мэтээр заасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн агуулга, зохицуулалттай зөрчилдөж байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн лхагва гаригаас дагаж мөрдөж эхлэх Шүүх байгуулах тухай хуультай зарим прокурорын газрын нутаг дэвсгэрийн харьяаллыг уялдуулах шаардлага үүсчээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ингээд хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Хууль зүйн байнгын хороо тэр даруйдаа хуралдаж, “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт тавьж, санал хэлэх УИХ-ын гишүүн байсангүй. Тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр батлуулах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Д.Ганбат гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Мөн УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Уг асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс авсан тав хоногийн завсарлага дууссан учир хэлэлцсэн хэрэг. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт завсарлага авсан хугацаандаа Байнгын хороо, ажлын хэсгийн гишүүдтэй ярилцан нэлээд мэдээлэл авсан гээд “Хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт үйлдэл хийсэн хүнд ял ногдуулахын хамт уг хуулийн этгээдэд давхар ял оноох нь зүйд нийцэх эсэх, түүнчлэн хуулийн этгээдэд ногдуулах мөнгөн шийтгэлийн хэмжээний асуудлаар хэлэлцэн ойлголцсон” хэмээв. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалтыг явуулж эхэлсэн юм. Үдээс өмнөх хуралдаанаар зарчмын зөрүүтэй 86 саналын томъ ёоллоор санал хураалт явуулсан.
Хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бус үйл ажиллагаа явуулсан хүнд оноосон ялыг хуулийн этгээдэд давхардуулан ногдуулахгүй байх нь зүйтэй гэдэгт гишүүд санал нэгдсэн бөгөөд давхардуулж ял оноохгүй, ял халдаан хэрэглэхгүй гэж тогтсон юм. Зорчих эрхийг хязгаарлах гэдэг шийтгэлийн талаар гишүүд тодруулан асууж байлаа. Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар энэ нь гадаад руу зорчих эрхийг хязгаарлахтай хамааралгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүний тодорхой газраар явах, тодорхой байгууллага руу нэвтрэхийг хориглон, зорчих газрыг тодорхой заах тухай шийтгэл аж. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг хохирогчийн ажил руу нэвтрэх, оршин суугаа газар руу нь ойртохыг хориглох ажээ.