Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд нийтийн тээвэр аль чиглэлд хэрхэн үйлчлэх талаар Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын болон хот орчмын үндсэн 81 чиглэлд багтаамж ихтэй 615, туслах 17 чиглэлд багтаамж багатай 90, мөн зуслан руу явах гурван чиглэлд 4, нийт 725 автобус үйлчилнэ.
Хэрэв та долдугаар сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад арга хэмжээг үзэж сонирхохоор зорих гэж байгаа бол “Мишээл экспо төв – Төв цэнгэлдэх хүрээлэн – Дүнжингарав худалдааны төв” чиглэлд гурван минут тутам явах автобусаар үнэ төлбөргүй зорчиж болно. Түүнчлэн хурдан морин уралдаан үзэхээр Хүй долоон худаг руу явах наадамчдыг Дүнжингарав худалдааны төв болон Дунд голын зогсоолоос рэйлбусаар үнэ төлбөргүй хүргэж үйлчилнэ. Харин Хүй долоон худаг дахь рэйлбусын зогсоолоос морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг – Хүй долоон худаг” чиглэлд дөрвөн минут тутам автобусууд явж, наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
Хүй долоон худгаас Төв цэнгэлдэх хүрээлэн рүү зорчиж буй иргэдийг ч рэйлбусын “Урбанек” зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү “Дунд гол – Төв цэнгэлдэх” чиглэлийн автобус хүргэж өгөх юм.
Түүнчлэн долдугаар сарын 11, 12-ны өдөр Гандийн гудамжны автобусны зогсоолоос, долдугаар сарын 13,14-ний өдөр МУБИС-ийн баруун талын автобусны зогсоолоос багтаамж ихтэй автобусууд 3,4-р хороолол, Долоон буудал, Таван шар, ХМК, Офицерүүдийн ордны зогсоолуудаас багтаамж багатай автобус Хүй долоон худаг руу явах зорчигдод үйлчилнэ.