Өмнөд Солонгосын “Самсунг” группын харьяа эмнэлгийн бас нэг эмч Ойрхи Дорнодын амьсгалынн замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн халдвар авсан нь тогтоогдлоо гэж тус улсын Засгийн газар өнөөдөр мэдэгдлээ. Ингэснээр вирусийн гаралтай уг өвчин туссан хүмүүсийн нийт тоо 185 болжээ.
“Самсунг” эрүүл мэндийн төвийн нэг эмч өвчтөнүүдийн жагсаалтад нэмэгдэж, хяналтад байна гэж тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам мэдэгдэв.
Харин сүүлийн дөрөв хоногт уг вирусээр нас барсан тохиолдол нэмж бүртгэгдсэнгүй. Нас барагсдын тоо 33 хэвээр байна.
“MERS”-тэй хүмүүсийн бараг тал хувь нь “Самсунг” эрүүл мэндийн төвөөс халдвар авсан билээ.
Тус эмнэлэг одоогоор үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна.
“MERS” нь 2012 онд Саудын Аравид анх бүртгэгдсэн амьсгалын замын гаралтай өвчин юм.