Хүүхдүүдээ тарчлаан тамласан, найз бүсгүйгээ зодож амь насыг нь бүрэлгэсэн гэх аймшигт хэргүүд ар араасаа гарч олон нийтийг цочирдуулж, гэр бүлийн хүчирхийллийг эсрэг бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсныг эрх баригчдад сануулсан.
Харин ахуйн хүрээнд болдог энэ төрлийн гэмт хэргийг хуулийн байгууллагад цаг алдалгүй мэдээлэх хамгийн ойрын эх сурвалж нь хөршийнхөн. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу “Хөршийн хяналт” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар баталлаа.
Уг хөтөлбөрийн туршилтыг өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн нийслэийн 20 хороонд эхлүүлсэн бөгөөд энэ үеэр гэр бүлийн хүчирхийлэл болоод хөршийн хяналт гэж юу болох талаар иргэдэд мэдээлэл өгч, хөтөлбөрийн талаар танилцуулсан байна. Уг хөтөлбөр батглагдсанаар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажилд иргэд төдийгүй сууц өмчлөгчдийн холбоод ч тусалж, төрийн байгууллагууд болон иргэд, иргэний нийгмийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах ач холбогдолтой юм.