Автотээврийн үндэсний төвөөс баяр наадмыг тохиолдуулан хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд нэмэлт автобус гаргахаар болжээ. Ингэснээр баяр наадмын өдрүүдэд хот хоорондын 55 чиглэлд, үндсэн графикийн дагуу 911, нэмэлтээр 184, нийт 1095 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явах аж. Тухайлбал, энэ сарын 10-нд үндсэн 163, нэмэлт 32, 11-нд үндсэн 144, нэмэлт 30, 12-нд үндсэн 141, нэмэлт 28 автобус үйлчилгээнд явна. Харин долдугаар сарын 13-нд үндсэн 160, нэмэлт 32, 14-нд үндсэн 145, нэмэлт 30, 15-нд үндсэн 158, нэмэлт 32 нийт 190 тээврийн хэрэгсэл хот хооронд үйлчилнэ. Мөн иргэдийн цаг зав, мөнгийг хэмнэх үүднээс Автотээврийн үндэсний төвөөс онлайн тасалбар захиалгын үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ. Энэхүү үйлчилгээнд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй бүх аймаг, Улаан-Үд чиглэлийн автобусны маршрутыг хамруулсан байна. Иргэд teever.gov.mn цахим хуудсанд байрлах “Тасалбар захиалга” хэсэгт хандан өөрийн аялах чиглэлээ сонгон, суудлын сонголтоо хийж, зорчигчийн хувийн мэдээллээ үнэн зөв оруулан, төлбөрөө төлснөөр энэ үйлчилгээ идэвхжих юм.