Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 онд нийслэлийн ногоон бүсийн ойн нийт 244 га газраас мод бэлтгэх дээд хязгаар тогтоосон. Ингэхдээ цэвэрлэгээний огтлол, ойн цэвэрлэгээ гэсэн хоёр төрлөөр мод бэлтгэх юм. Цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээ хийснээр ойн экологийн төлөв байдал сайжирч, түймэр гарах, ойн хөнөөлт шавьж тархах нөхцлөөс урьдчилан сэргийлнэ. Цэвэрлэгээний огтлолтоор 40 га талбайгаас 1200 шоо метр, ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар унанги, гишүү мөчир түүлгэх замаар 5100 шоо метр мод бэлтгэн, иргэдийн түлээ болон хэрэглээний модны хэрэгцээг хангах аж. Ойн цэвэрлэгээний огтлолт болон ногоон бүсэд оршин суугч айл өрхөд гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн төсөвт 36.3 сая төгрөг оруулах юм.