
“Монголын хамгийн өндөр барилгыг хэн нь түрүүлж барихаа үзье” гээд уралдаж байгаа юм шиг л манайхан сүүлийн үед жигтэйхэн мэрийж буйг харахаар чөмөггүй байж туг ширээ гэдэг үг санаанд ороод байх юм. Одоогоор манайд байгаа хамгийн өндөр барилга нь 25 давхар. Удахгүй 33 болон 35 давхар барилга шил шилээ даган ашиглалтад орох юм гэсэн.
40 давхар барилга барих зураг төсөл хүртэл салбарын яаманд орж ирдэг л гэнэ шүү. Дөрвөөс дээш давхарт амьдардаг орон сууцны айлуудынхаа халуун ус, дулаан хангамжийг бүрэн шийдэж чадахгүй, инженерийн шугам сүлжээний бөөн асуудалтай юм байж их том мөрөөдөж байгаа биз. Ядаж байхад сүүлийн жилүүдэд Улаанбаатартай ойролцоо газар хөдлөлтийн томоохон голомтууд эрчимжиж буйг мэргэжлийн байгууллагууд сануулдаг.
Гэтэл өөдөөс “тавлаж” байгаа юм шиг мэргэжлийн хяналтынхан “Улаанбаатарт газар хөдлөлтөд тэсвэргүй төдөн барилга байна” хэмээн сүр дуулиантайгаар зарладаг. Ингэхэд Монголд өндөр барилгын норм стандарт гэж байдаг юм болов уу.
2010 онд баталж, 2011 оноос мөрдөж эхэлсэн Өндөр барилгын төлөвлөлтийн норм дүрэм гэж байдаг бөгөөд тэнд барилгын эзлэхүүн, төлөвлөлт, зориулалт болоод бүтээцийн шийдэл, галын аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйд тавих шаардлагуудыг тодорхой тусгаж өгснөөс хойш гадна 25-35 давхар барилгын зураг төсөл зохиоход мөрдөх нэмэлт шаардлагыг хүртэл зааж өгчээ.
Үүгээрээ дээрх стандарт чухал ач холбогдолтой гэдгийг салбарын яамныхан хэлж байна. Гэвч цаасан дээрх стандарт амьдралд хэрэгжитлээ өдий л дөө. 16-гаас дээш давхар барилгыг өндөр гэдэг бөгөөд аюулгүй байдлын стандартаас эхлээд бүх зүйл чанарын дээд түвшинд төлөвлөгддөг учир хөрөнгө оруулалт болоод ашиглалтын зардал нь ч ихээхэн гардаг байна.
Харин манайд тийм их хэмжээний зардал мөнгийг “луу унжилгүй” гаргаад, яг тэр ном ёсоор нь барилга барьчих хоншоортой аж ахуйн нэгж үнэндээ байхгүй гэдгийг компаниуд өөрсдөө хүлээн зөвшөөрдөг юм билээ. Үнэндээ манайд баригдаж буй зургаагаас дээш давхар барилгууд тун эрсдэлтэй гэдгийг ч тэд аминчлав. Тэгэхээр манайхан өндөр барилга сүндэрлүүлсэн гэрч болох гэсэн том амбийцаа жаахан дарж, амьдрал дээр, Монголынхоо хөрсөн дээр юуны өмнө бууж ирэх хэрэгтэй байх аа.
Паар нь олигтой халж өгдөггүй орон сууцандаа гадуур хувцастайгаа өнждөг, халуун усныхаа цоргоноос гоожих хүйтэн усанд дагжин биеэ угаадаг улаанбаатарчуудын зовлон багадсан биш. Даахгүй нохой булуу хураахын зовлонг хангалттай амссаар өдий хүрлээ. Яагаад манай өндөр барилгуудад дулааны, халуун усны хүртээмжийн асуудал байнга хэл ам таталж байдгийг албаны хүнээс тодруулахад “Төрийн эзэмшлийн шугам, хоолойноос өгсөн халаалт орон нутгийн түгээх төв, шугамаар дамжин СӨХ-дын эзэмшилд очдог.
Тэр нь байрны шахуурганаас гараад айлуудын өмчийн шугамд шилждэг. Хаанаа доголдол үүсээд байгааг инженер, техникийн ажилтан үзлэг хийж тогтоох учиртай” гэж байна. Ер нь бол энэ асуудал буух эзэн буцах хаяггүй байдаг бололтой юм.
Ам таглах хамгийн тохиромжтой хариулт бол мэдээж мөнгөгүйн зовлон тоочих юм байна. Гачлантай нь энэ зэргийн асуудал өндөр барилгын аюулгүй байдлын стандарт хангадаггүй гэх эрсдэлийн дэргэд юу ч биш. Эцсийн эцэст бид өндөр барилга барихын төлөөх улайрсан марафоны золиос болмооргүй байна.
Л.ГАНЧИМЭГ
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

“Дээд тивийнхний” амьдрал
Тэнгэр баганадсан өндөр барилгын хамгийн дээд давхарт тухтай, сайхан амьдарна гэж боддог байлаа, би. Агаарын бохирдол гэгч аюулаас бүр биш ч түр хагацаж, цэвэр агаараар амьсгалъя гэсэндээ л тэр. Гэвч өндөр барилга бүхэн хүн амьдрахад таатай, тухтай байдаггүй аж. Ус, дулаан, эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдсэнийг нь онцгойлон анхаарах хэрэгтэйг ойлгов.
Учир нь орон сууцны дээд давхарт амьдардаг зарим иргэн халуун усанд орж, гэртээ нимгэн хувцастай сууж чадахгүй хохирч байна. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд орших 39 дүгээр байр үүний жишээ. 2013 онд ашиглалтад орсон, 13 давхар уг орон сууцны есөөс дээш давхарт амьдардаг иргэд ийм зовлон туулж буй.
Оршин суугчдын хэлж буйгаар уг барилгыг анх дулааны шугам сүлжээнд холбохдоо есөн давхраар тооцсон учир ус, дулаан дамжуулж, хуваарилдаг систем доголдсон аж. Нэг үгээр бол энэ барилгад өөрт нь хэт ахадсан ачаа үүрүүлчихэж. Тус байрны 13 давхарт оршин суудаг иргэн Х.Азжаргал “Өглөө айлууд босохоос өмнө усанд орж, цай хоолоо хийхгүй л бол хэцүүднэ. Халуун усанд орохын тулд гоожуураа нэлээд хэдэн минутын өмнө нээх шаардлагатай болдог. Тэр хооронд тоолуур гүйж, өртөг нь халуун усныхаар тооцогддог.
Заримдаа бүр хүйтэн ч ус гоожихоо байж, ариун цэврийн өрөөнд орох аргагүй болдог” гэсэн бол Р.Хишгээ “Бүтэн сайн өдөр оршин суугчдын усны хэрэглээ өндөр байдаг тул ажил төлөвлөөд нэмэргүй. Халаалт муу болохоор гэртээ нимгэн хувцастай ч явж чаддаггүй” хэмээв. 39 дүгээр байрны оршин суугчдын фэйсбүүк группт энэ асуудал гол сэдэв болдог аж.
“Ус байна уу”, “Халуун, хүйтэн ус аль нь ч алга”, “Өглөөний 06.00-07.00 цагт манай ус тогтмол тасраад байна” гэх мэтчилэн сэтгэгдэл хөвөрнө. Тус байранд амьдардаг айлд орж гоожуур нээснээс хойш хэдэн минутын дараа халуун ус гарахыг бид туршиж үзэхэд хоёр минут хэртэй хугацаа зарцуулав. Айлууд унтаж амрах цаг болсон байсан учраас тэр үү, хэлж байснаас нь бага хугацаанд халуун ус ирэв.
Тэд үүнийг “Сайжирчихаад байгаа нь энэ” гэв. Оршин суугчдын гомдлын дагуу ОСНААУГ-ын контор орон сууцны узелийн өрөөнд ус шахдаг, өндөр даралттай шахуурга байрлуулж, иргэдээс нэмэлт төлбөр авсан ч асуудал шийдэгдээгүй аж.
Барилгын нэгэн компанид сантехникийн инженерээр ажилладаг Пүрэвдоржоос энэ талаар тодруулахад “Тус барилга хэчнээн давхар, хэдэн айл амьдрахыг харгалзаж, ус, дулаан хангах системийг шийдэж, шахуурга тавих хэрэгтэй. Тухайлбал, төдөн давхар барилгад тийм хүчин чадалтай, шугамын халаалтын шахуурга сонгох ёстой гэсэн стандарт бий. Манай улсын барилгын компаниуд үүнийг дагаж, мөрддөггүй нь ийм асуудал үүсэх гол нөхцөл болдог” гэв.
Тухайн байрнаас холгүй орших “Шинэ зуун” хотхоны нэгэн айлд очлоо. Долоон давхарт байрлах, тэдний гал тогоонд мөн халуун ус ирдэггүй юм байна. Угаалгын өрөөнийх нь ус арай дээр ч тийм халуун биш. Паар нь ч төдийлөн сайн халдаггүй юм билээ. Ойролцоогоор 3-5 минут гоожуулсны дараа ус нь бүлээсдэг тухай гэрийн эзэгтэй Н.Насанжаргал ярив.
Ялангуяа өглөө, орой ийм бэрхшээлтэй “нүүр тулдаг” гэнэ. Халуун усны цоргоо нээх төдийд л тоолуур гүйж эхэлдэг ч төлснийхөө хэрээр үйлчилгээ авч чаддаггүйдээ гомдолтой байдгаа энэ айлынхан хэлсэн. Тухайн байр “Хүрээ хаус” хэмээх орон сууцны хувийн конторт харьяалагддаг ажээ. Ус тасарч, халуун ус, халаалт хангалттай биш байгаа талаар контортоо хэлэхэд “Бидний зүгээс шалтгаалсан доголдол байхгүй. Цаанаасаа ирж байгаа нь л энэ” гэдэг аж.
Харин СӨХ-ныхон нь “Байрны доорх шахуурганы хүч муудчихсан учраас ингэдэг юм билээ. “Хүрээ хаус”-ынханд хэл” гэдэг аж. Уг асуудлыг нь шийдэх байгууллага, мэргэжилтэн байдаггүй учир тэд энэ жил зутруу өвөлжихөөс аргагүй болжээ.
Ж.СУВДМАА
ИНФОГРАФИК

ДЭЛХИЙН ЖИШИГ
Олон давхар байшинг халаах амар биш
Хүйтэн уур амьсгалтай орнууд нийтийн орон сууц, олон нийтийн газар, эсвэл хувийн сууцны дулааныг төвлөрсөн системээр шийддэг. Орчин үеийн өндөр барилгуудад дээд давхруудад нь дулаан түгээхэд зориулсан өндөр даралтын станц болох электрон төхөөрөмж суурилуулдаг аж. Уг төхөөрөмж нь дулаан хангамжийн системийг тогтмол даралтаар буюу хэвийн ажиллагаагаар хангадаг гэнэ. Үүнийг мөн олон давхар барилгын усан хангамжид ч ашигладаг байна.
Дулааны төвлөрсөн систем нь хямд түлш ашиглах боломжтой, тусгай албаныхан техникийн байдал болон ажиллах чадварыг байнга хянаж болох найдвартай, экологид ээлтэй төхөөрөмж хэрэглэх, ашиглахад хялбар байдаг давуу талтай. Харин дутагдалтай тал нь улирлын нарийн хуваарьтай, олон давхар байшинг халаахад системийн даралт байнга унадаг, дамжуулах явцад дулаан алдагддаг, тоног төхөөрөмж, тэдгээрийг угсрах өртөг өндөр байдаг.
Манайхтай уур амьсгалын хувьд ойролцоо ОХУ дулааны цахилгаан станц (ДЦС)-тай. Намар дулаан өгөх хүртэл, хавар дулаан хаасны дараа “Эрт өгсөнгүй”, эсвэл “Эрт хаалаа” гэсэн хэл ам гардаг манайхтай ижил асуудалтай. Европ, Азийн хэт хүйтэрдэггүй улсуудад төвлөрсөн халаалтын систем суурилуулдаггүй.
Их Британид сэрүү орвол орон байраа хийгээр ажилладаг, ус халаагчаар дулаацуулдаг. Орлого багатай оршин суугчид нь нийтийн номын сан зэрэг дулаан, тохьтой, үнэгүй интернэт ашигладаг газар дулаацахаар ордог гэнэ. Японд халуун, хүйтэн агаар үлээгч, халдаг хөнжил ашигладаг бол Герман, Франц, Финландад Британийн адил арга хэрэглэдэг.
Мөн халуун агаар үлээгчийг дэлхий даяар өргөн ашиглаж байна. Тухайлбал, Япон, Европ, АНУ-д хэдэн арван сая ширхэг байдаг гэнэ. Япон, АНУ-д “агаар-агаар”, Европт “ус-ус” болон “ус-агаар” ангиллын дулаан болон хүйтэн агаар үлээгч хэрэглэдэг. Халуун агаар үлээгч нь эрчим хүч бага хэрэглэдэг, экологийн хувьд цэвэр, ил гал гарахгүй, үнс нурам үүсэхгүй, үнэргүй, хий алдах, мазут асгарахгүй зэрэг давуу талтай.
З.АМГАЛАН
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Танай орон сууцны ус, дулаан доголддог уу?
Э.БАТ (Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн):
-Миний амьдардаг “Golden park-2” хотхон 2013 онд ашиглалтад орсон. Сүүлийн хоёр жилд халуун ус, дулаан доголдож байгаа. Зургаан давхраас дээш халуун ус үе үе тасалддаг гэсэн. Манайх таван давхарт амьдардаг юм. Жилийн жилд халаалт муу байдаг. Наран талдаа цонхтой тулдаа гайгүй өвөлждөг.
Тэгсэн атлаа ус, дулааны мөнгө их төлдөг. Энэ талаар Орон сууцны контортоо гомдол гаргадаг, нэг ч удаа ирж паарнаас хий авч байгаагүй. Оргил ачааллын үед нэмэлт шахуурга ашигладаг гэсэн. Гэхдээ нэмэлт дулаан нь хүрэлцдэггүй юм шиг байна лээ.
Б.ХУЛАН (Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн):
-Манайх дөрвөн давхарт амьдардаг. Ус байнга бүлээн гардаг. Ус гоожуулснаас хойш 4-5 минутын дараа бүлээсдэг. Ер нь бүр сайн хална гэж байхгүй дээ. Бас бага зэргийн зэвтэй гардаг. Паар өдрийн цагаар бүлээвтэр, орой арай дээр байдаг.
Одоо амьдарч буй байрныхаа хажуудах орон сууцны нэгдүгээр давхарт амьдарч байхад халуун устай, даралт сайтай байсан. Гэхдээ маш их зэвтэй гардаг, уух боломжгүй учраас байнга цэвэршүүлсэн ус авч хэрэглэдэг байсан. Ер нь ойрхон цэцэрлэг барьснаас хойш ингэж доголдох болсон.
Манай орон сууцтай ойролцоо хоёр цэцэрлэг байхад нэмж нэгийг барьсан нь үүнд нөлөөлсөн гэж боддог. Одоо яг дэргэд нь өргөтгөл гээд дахиад цэцэрлэг барьж байгаа.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Ж.ПҮРЭВЖАМЦ: Шугам бөглөрсөн эсвэл тухайн байрны шахуургын хүчин чадал хүрэхгүй зэрэг олон шалтгаан бий
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Техникийн бодлогын хэлтсийн ахлах Ж.Пүрэвжамцтай ярилцлаа.
-Зарим орон сууцны дөрвөөс дээш давхрын айлуудад халуун ус ирдэггүй, паар нь халдаггүй гэх гомдол их байдаг. Ойролцоогоор 2-5 орчим минут гоожуулсны дараа ус нь халдаг юм билээ. Яагаад ингэдэг юм бэ?
-Ус, дулаан дамжуулах хоолой бөглөрсөн эсвэл тухайн байрны шахуургын хүчин чадал хүрэхгүй гэх мэт олон шалтгаан бий. Дулааны цахилгаан станцаас гарсан халуун ус эхлээд ЦТП, дараа нь ус, дулаан дамжуулах узельд хүрч, тэндээсээ айлуудад хуваарилагддаг.
Өөрөөр хэлбэл төрийн эзэмшлийн шугам, хоолойноос, орон нутгийн түгээх төв, шугамаар дамжин СӨХ-дын эзэмшилд очдог гэж ойлгож болно. Харин тэр ус, дулаан байрны шахуурганаас гараад айлуудын өмчийн шугамд шилждэг.
Тэгэхээр яг хаана доголдол үүсээд байгааг инженер, техникийн ажилтан үзлэг хийж тогтоох учиртай. Тэгж байж л шалтгааныг нь тогтоож, засварлах ёстой юм.
-Байрны шахуургын хүчин чадал муутай гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Барилгын дээд давхар руу ус, дулааныг нь шахах зориулалттай шахуурга бий шүү дээ. Түүнийг хийсэн хүмүүс нь ажиллах хүчийг нь дутуу тооцоолсон байж болно. Бас үйл ажиллагаанд нь саатал гарсан байх магадлалтай.
-Хэрэв шугам, хоолой бөглөрсөн бол хэрхэх вэ?
-Үүнээс болж паар халахгүй байх, ус даралтгүй очих зэрэг зөрчил илрэх нь түгээмэл байдаг. УСУГ-ын түгээж буй ус хатуулаг ихтэй учир шугам, хоолойг хурдан зэврүүлдэг. Ер нь бол сүүлийн жилүүдэд шинэ барилгын шугам 6-7 жил болоод л зэврэх болсон. Тэгэхээр айлууд шугамаа солих ёстой.
Гэхдээ зарим хүн нийтийн эзэмшлийн байранд амьдарч буйгаа ухамсарлахгүй байх нь элбэг. 1-3 давхрын айлууд руу ус нь халуунаараа очиж, паар нь халж байвал тэд шугамаа солихгүй гэнэ. Гуравдугаар давхрын айлын шугам бөглөрсөн бол дээд айл нь яаж ч засвар хийгээд нэмэргүй байдаг.
Тэгэхээр ийм доголдолтой байрны оршин суугчид хаана, ямар алдаа гарч буйг нь тогтоолгож, засах нь чухал.
-Иргэд орон сууцны контортоо ханддаг ч ойшоодоггүй гэх юм.
-Улаанбаатар хотод хувийн 40 орчим контор бий. Тэдний үйл ажиллагааг би хэлж чадахгүй. Барилгын хөгжлийн төв болон Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл тэдэнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог.
Харамсалтай нь, тухайн контор эрчим хүч, ус, дулаан дамжуулах бололцоотой, эсэхийг нь нягталдаггүйгээс болж үл ойлголцол гарах нь бий. Харин манайх харьяандаа хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвтэй. Тэдний эзэмшлийн шугам, хоолойг жил бүр гаргадаг.
Засахад нь зориулж, ойролцоогоор 3.2 тэрбум төгрөгийг өөрсдийн хөрөнгөөсөө зарцуулдаг. Зарим шугамыг тэр чигт нь, заримыг нь хэсэгчлэн сольдог юм. Энэ жилийн манай төлөвлөгөөт ажил 100 хувь дууссан.
Үүнээс гадна СӨХ-д дулаан алдагдлаа багасгах нь чухал. Улаанбаатарын хамгийн сүүлийн угсармал байр л гэхэд 1981 онд барьсан I хороолол орчмын орон сууцууд байна. Ашиглалтад ороод 35 жил болсон учир дулаан алдагдал, шугам хоолойн гэмтэл олон гардаг.
Г.ЦЭЦЭГ
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Т.АЛТАНГЭРЭЛ: Халаалтын системээ зөв сонгон, суурилуулбал дулаан доголдохгүй
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Т.Алтангэрэлээс дараах тодруулгыг авлаа.
-Дэд бүтцийн зураг төслийн байгууллагууд орон сууцны төлөвлөлт хийдэг. “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн хариуцан ажиллаж байгаа дулаан дамжуулах төв шугам нь орон сууцны дулаан хуваарилах төвтэй холбогддог.
Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцыг халаах хэмжээний дулааны энергийг дулаан дамжуулах төвд нь нийлүүлдэг. Байрны халаалтын систем нь үүнтэй температураа солилцон халаадаг юм. Орон сууцны халаалтын систем нь ямар байх вэ гэдэг нь зураг төслийн инженерийн сонголт.
Үүнийгээ зөв сонгож, тохируулж чадвал дулааны асуудал гарахгүй. Өөрөөр хэлбэл, зарим айлд хангалттай дулаан очихгүй байгаа нь “Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас хамаарахгүй юм. Орон сууц халаах систем нь төв шугамаас тусдаа байдаг.
-Дулаан дамжуулах төвүүдийг ямар байгууллага хариуцан ажилладаг вэ?
-Эдгээр төв нь хувийн хэвшлийн болон нийслэлийн өмчид байдаг.
-Дулаан дамжуулах төвүүд нь айл өрхүүдийг хангалттай хэмжээний дулаанаар хангаж буй, эсэхийг хэн хянадаг вэ?
-Үүнийг “Улаанбаатар дулааны сүлжээ” болон шугам сүлжээний зургийн автор нь хянадаг. Хамгийн гол нь халаалтын төхөөрөмж, тоноглолоо зөв сонгож, алдаагүй суурилуулах хэрэгтэй. Мөн орон сууцны дотор халаалтын системийн зураг гаргасан хүн сайн тооцох ёстой юм. Энэ нь хэвийн горимоор ажиллаж эхэлсэн тохиолдолд асуудал гарахгүй.
-Орон сууцных нь халаалт муу байгаа талаар иргэдээс гомдол ирвэл хэрхэн шийддэг вэ?
-Үүнийг тухайн газрын хэсэгчилсэн дулаан хангамжийн газар л хариуцна.
БАЙР СУУРЬ
Давхар ахих тусам халаалт нь муудаж, халуун ус нь доголддог орон сууц манайд цөөнгүй бий. Энэ нь ямар учиртай, хэрхэн шийдэх талаар мэргэжлийн болон холбогдох хүмүүсийн байр суурийг сонирхлоо.
Халаалттай холбоотой гомдол манайд ирээгүй
Л.БАТБАЯР (Нийслэлийн МХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч)
-Бид иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт, гомдлын дагуу ажилладаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар орон сууцны халаалттай холбоотой гомдол ирээгүй. Паар нь хэвийн халж байгаа ч зураг төсөл, төлөвлөлт, шугам, дулааны алдагдал зэргээс шалтгаалан барилга сэрүүхэн байх тохиолдол бий.
Ийм тохиолдолд орон сууцны конторт нь албан шаардлага хүргүүлдэг. Байрны халаалт муу байвал манайд биш, орон сууцны контортоо хандах хэрэгтэй. Тус контор нь оршин суугчдыг дулаан байлгах, усаар хангах үүрэгтэй. Харин тухайн контор арга хэмжээ авахгүй бол манайхан очдог.
Барилгын тухай хуульд халаалттай холбоотой асуудлыг гүйцэтгэгч компани нэг жилийн дотор шийдвэрлэх тухай тусгасан байдаг. “Амгалан” дулааны станц ашиглалтад орсноор дулааны асуудал гайгүй болсон.
Ер нь бол барилга өндөр байх тусам дулаан алдагдал ихтэй байна гэсэн ойлголт байхгүй. Бүсчилсэн маягаар халаалтаа хуваарилдаг учраас ийм асуудал гарах нь бага.
Иргэд мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй
А.ЭНХПҮРЭВ (Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн мэргэжилтэн)
-Зөвхөн өндөр барилгуудын дулаан муу, халуун ус хүрэлцэхгүй байгаа юм биш. Ийм доголдол олон зүйлээс хамааралтай байдаг. Тодруулбал, тухайн барилгын дулааны эх үүсвэрээс шууд хамааралтай. Мөн барилга угсралтын байгууллага нь зураг төслийн дагуу тоног төхөөрөмж, шугам сүлжээг бүрэн оруулаад олон жил болсон барилгуудын тоног төхөөрөмж, шугам хоолойн ашиглалт, усны чанараас шалтгаалсан зэврэлтээс болж халаалт, хэрэгцээний халуун ус доголдох тохиолдол бий.
Иргэд мэргэжлийн хяналтын байгууллагад хандсанаар улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй. Хэний буруугаас шаардлагатай дулаан, хэрэгцээний халуун ус хэрэглэгчдэд очихгүй, заримдаа доголдож байгааг тогтоон дүгнэлт гаргаснаар тухайн байгууллагад албан шаардлага хүргүүлж алдааг засуулах арга хэмжээ авдаг.