2025 он дэлхийн бүх бүс нутагт мөстөл, мөсөн гол эрчимтэй хайлж, хорогдсон дараалсан дөрвөн жилийн нэг болсныг Дэлхийн цаг уурын байгууллагаас зарласан. Тэгвэл 2023-2025 онд буюу сүүлийн хоёр жилийн хугацаанд мөсөн голууд 1400 гигатонн нөөцөө алдсаныг тус байгууллагын судлаачид тогтоожээ. Энэ нь олимпын стандартын буюу дунджаас том хэмжээтэй 560 сая усан бассейныг дүүргэхэд хүрэлцэх нөөц гэнэ. Дэлхийн хэмжээнд жилд ашигладаг цэнгэг усны гуравны нэгтэй дүйцэхүйц дүн аж. Хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэхгүй бол 2100 он гэхэд энэ үзүүлэлт үлэмж өсөж, хүн төрөлхтөн усны хомсдолоос үүдэлтэй олон сорилттой нүүр тулах эрсдэлтэйг цаг уурчид анхааруулж байна.
Тухайлбал, уур амьсгал одоогийнх шиг эрчимтэй өөрчлөгдсөөр байвал 74 жилийн дараа мөсөн голуудын тоо 90 хувиар цөөрч, зөвхөн туйлын бүс дэх томоохон голууд үлдэх аж. Түүнчлэн дэлхийн нийт мөсөн голын массын 46-54 хувь нь хайлж устан, Альпын нуруу, Төв Америкийн уулсаас эхтэй усны эх үүсвэрүүд 75-аас дээш хувиар эзлэхүүнээ алдаж, хурдацтай хайлалтын улмаас далайн усны түвшин 70-100 см-ээр нэмэгдэх тооцоо гарчээ.
Н.Мишээл