- Хоёр тэрбум төгрөгийн тэтгэлгээр суралцсан 846 багш мэргэжлээрээ ажиллахгүй байна –
“Эгч маань бага ангийн багш мэргэжилтэй. Би ч бас багш болно гэж мөрөөдөж, энэ мэргэжлийг сонгосон. Багш нарбусадтай нийтэч, найрсаг харилцаатай байдаг гэж боддог. Сурсан, мэдсэнээ бусдад, тэр дундаа балчир хүүхдүүдэд заах гоё. Би улсын тэтгэлгээр суралцдаг. Гэрээний дагуу голч дүн 2.7-гоос дээш суралцах ёстой учраас сайн хичээж байгаа” хэмээн Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын боловсролын их сургууль (МУБИС)-ийн Багшийн сургуулийн II дамжааны оюутан А.Отгонцэцэг ярив. Түүн шиг багш болохыг багаасаа мөрөөдөж, мэргэжилдээ дурлаж, шимтэн суралцаж буй эгэл жирийн залуус олон бий. Нөгөө талаас сургалтын төлбөрийг нь улсаас төлж, үнэ төлбөргүй сургаж буй учраас багш мэргэжлээр суралцагчдын эрэлт, хэрэгцээ өссөн үү. Багшийн хомсдолыг арилгах улсын бодлого биеллээ олох уу гэдэг асуулт ургаж байна.
Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам баталсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас 2023 онд баталсан дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг цэцэрлэг, бага ангийн болон математик, мэдээлэл зүй, хими, биологи, физик, газар зүй, тусгай хэрэгцээт, хөгжмийн багш тэргүүлж буй. Дээр дурдсанчлан 103 дугаар тогтоолын дагуу багш, эсвэл багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх мөн эрэлттэй мэргэжлээр сурсан тохиолдолд төрөөс сургалтын төлбөрийг нь төлж байгаа юм. Ингэхдээ “хатуу” гэрээний дагуу ам өчгийгнь авч, хариуцлагатай сурахыг тухайн суралцагчид үүрэг болгосон. Гэтэл эл үүргээ умартан төрийн дэмжлэгээр суралцсанч мэргэжлээрээ ажиллахгүй 800 гаруй хүн байгааг саяхан Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдсэн. Тэд хаачсан бэ. Яагаад мэргэжлээрээ ажиллахгүй байна вэ.
БАГШ ГЭЛТГҮЙ ХОЁРХОН СУВИЛАГЧ ГЭРЭЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖЭЭ
Дээрх асуултад хариулт олохоор Боловсролын зээлийн сантай холбогдлоо. Тус сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа “Багш, суралцагчид төрөөс дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг Боловсролын зээлийн сан санхүүжүүлнэ” гэж Засгийн газрын 103 дугаар тогтоолд заасан. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг багш, суралцагч болон сургалтын байгууллагаас шаардах, гэрээний биелэлтийг улирал тутам дүгнэх, хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй. Үүний хүрээнд гэрээг дүгнэж үзэхэд 2024, 2025 оны эхний хагаст багш мэргэжлээр болон багш, ажилтны нэг хүүхэд эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 5873 суралцагч байна. Тэдэнд 19.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Одоо багш мэргэжлээр суралцаж буй, гэрээг нь сунгасан 4145 суралцагчид 15.9 тэрбум төгрөг олгоодбайна. Харин багшаар сурч төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй 846 хүн бий. Тэдний сургалтын төлбөрт хоёр тэрбум төгрөг зарцуулжээ. Гэрээний үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, төгсөөд орон нутагт гурав, Улаанбаатар хотод таван жил мэргэжлээрээ ажиллах үүргээ хөсөрдүүлсэн хүмүүсийг багшаар ажиллах, эсвэл сургалтын төлбөрийг эргэн төлүүлэх арга хэмжээ авна. Одоогоор төгсөгчдийг хаана, ямар ажил эрхэлж, яагаад мэргэжлээрээ ажиллаагүйг тодруулж байна. Эцсийн дүгнэлт гараагүй. Мөн зөвхөн багш гэлтгүй сувилагч, хөдөлгөөн, хөдөлмөр засалч зэрэг эрэлттэй мэргэжил эзэмшиж, тэтгэлгээр сурч төгсөөд ажиллахгүй байгаа хүнолонбий. Өөрөөр хэлбэл, дотоодын их, дээд сургуульд сурч буй 13 мянган иргэний гэрээг дүгнэх юм. Өөрсөдтэй нь эхэлж холбогдож, дараа нь иргэдэд сонсох ажиллагаа явуулсны эцэст шүүхэд хандана” гэв. Угтаа бол гэрээний үүргээ биелүүлчих л юм бол сургалтын төлбөрийг эргэн төлөхгүй.
Гэтэл багшаар зогсохгүй эрэлттэй, тэргүүлэх мэргэжил эзэмшчихээд мэргэжлээрээ ажиллахгүй хүн энэ мэт цөөнгүй аж. Тухайлбал, 2024, 2025 оны эхний хагаст сувилагчаар суралцсан 1849 хүнд зээлийн сангаас гурван тэрбум төгрөг олгосон байна. Харамсалтай нь, тэдгээрээс хоёрхон хүн л гэрээ дуусгавар болгосон буюу үүргээ биелүүлжээ. Харин нийт 776 сая төгрөгөөр суралцаж төгссөн 483 сувилагч мэргэжлээрээ ажиллахгүй байгааг Боловсролын зээлийн сангийнхан хэлэв. Үүнээс харахад Засгийн газрын шийдвэр “бай”-гаа оносонгүй.
АХУЙДАА ХҮРЭХГҮЙ ЦАЛИНТАЙ УЧРААС АЖИЛЛАХГҮЙ БАЙНА
Зах зээлд “нийлүүлж” буй багш нарын 49 хувийг дангаараа бэлтгэдэг МУБИС-ийн сургалтын хөтөлбөр, чанар, үнэ цэн багш нарын одоогийн үнэлэмжтэй яалт ч үгүй холбогддог. Төрийн дэмжлэгээр буюу дөрвөн жил үнэ төлбөргүй суралцаж төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй байгаа гол шалтгаан нь цалинтай шууд холбоотой хэмээн дээрх сургуулийн захирал, профессор Ж.Батбаатар эргэлзэхгүй хэлнэ лээ. “Их, дээд сургуулиудын багш бэлдэх тогтолцоо хэвийн, элсэлт ч хангалттай сайн байгаа, гагцхүү төгсөөд ажиллах боловсон хүчний үнэлэмж тааруу, ахуйдаа хүрэхгүй цалинтай учраас ажиллахгүй байна” хэмээн тэрбээр тодотгосон. Багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэх туйлын зорилгоор ажил хаяад 10 гаруй хонож байна. Тэгвэл оюутнуудыг төлбөрөөр нь “барьцаалаад” ч багшийн орон тоог нэмж хүчрэхгүй нь. Нэгэнт ажиллах хүчний хомсдолд орсон салбар сэхэл авахгүй нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, сургалтын төлбөрөөс чөлөөлөөд, төгсөөд мэргэжлээрээ сумд гурав, Улаанбаатар хотод таван жил ажиллаад өгөөч гэж “гуйгаад” ч тусыг эс олов.
Боловсролын суурь, хүн байхын эхлэл нь цэцэрлэг, бага ангийн багшаас улбаатай гэдэг. Манай улсад одоогоор 22 их, дээд сургууль бага ангийн багш бэлдэж байна. Тухайлбал, МУБИС-ийн Багшийн сургуульд энэ хичээлийн жилд бага ангийн багшаар 360, хөгжмийн багшаар 50 орчим оюутансуралцаж буй аж. Жил бүр иймэрхүү тооны хүүхэд элсдэг бөгөөд 2023 оноос багшаар суралцагчдынсургалтын төлбөрийг төрөөс олгож буйтай холбоотойгоор элсэлт огцом нэмэгдсэн зүйл байхгүйг тус сургуулийн захирал, дэд профессор, доктор Г.Бямбацэрэн онцлов. Тэрбээр “Багш мэргэжлээс “дайжсан”, үнэлэмж нь учиргүй доройтсон зүйл одоогоор алга. Багшийн сургуульд хамгийн муу оноотой, хариуцлагагүй хүн элсдэг мэт ташаа ойлголт нийгэмд байдаг. Манай сургуулийн элсэгчдийн дундаж оноо 520. Боловсролын яамнаас багш бэлдэж буй сургуулиудад элсэгчдийн босго оноог 450-480 гэж зааж өгсөн. Төрийн бодлогоор улсын хэмжээнд эрэлттэй мэргэжилтнээ дэмжихийн тулд багшаар суралцагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож эхэлсэн. Ийм тогтолцоо өмнө ч байсан. Нэг ёсондоо төр гадаадад биш, дотооддоо төрийн сангийн тэтгэлгээр суралцах боломж олгож буй. Гэхдээ үүнийг гэрээгээр зохицуулдаг. Тухайлбал, суралцагч 2.7-гоос доош голчтой суралцвал тэтгэлгийг нь буцаана. Өөрөөр хэлбэл, 80-аас дээш оноотой суралцаж байж л тэтгэлгээ бүрэн авна. Гэхдээ багш мэргэжилтнийг үнэ төлбөргүй сургалаа гээд элсэлтэд эергээр нөлөөлсөн зүйл байхгүй. Урьдын адил элсэгчтэй байна. Өнгөрсөн жилийн мөшгөх судалгаагаар манай төгсөгчдийн 93 орчим хувь нь мэргэжлээрээ ажиллаж байсан” гэв.
Мөн тэрбээр бага ангийн багш мэргэжил нь илүү урчадвар, шинжлэх ухааны суурь мэдлэг шаарддаг гэдгийг онцолсон. Бага ангийн багш 8-9 судлагдахуун заадаг учир 45 хоногийн хугацаанд эдгээр чадварыг эзэмших ямар ч боломжгүй тул эл хөтөлбөрөөр бага ангийн багш мэргэжилтэн бэлддэггүйг дурдав. Төгсөгчид мэргэжлээрээ яагаад ажиллахгүй байгааг түүнээс тодруулахад “Хамгийн нэгдүгээрт, сэтгэлтэй, хүүхдэд хайртай хүн багш болдог. Түүнээс зөвхөн мөнгө хөөсөн хүн багшилж чадахгүй. 1.4 сая төгрөгийн цалин дээр сэтгэлтэй хүн л “тогтож” ажиллана. Олигтой гутал ч аваад өмсөж чадахгүй цалингаар багш нар яаж ажиллах вэ” гэв.
ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ НЬ ХӨШҮҮРЭГ БИШ ҮҮ
Дэлхий нийтээр боловсролд тэгш хамруулах, харилцааг чухалчлах, технологийн хэрэглээг багшлах арга зүйг хялбарчлахад ашиглах, насан туршийн болон зүрх сэтгэлийн боловсрол гээд нийгмийн эрэлт, орчин үеийн хүүхдүүдийн сурах арга барилыг дагаад хувьсан өөрчлөгдөж буй. Улсын хэмжээнд ажиллаж байгаа бага ангийн 12 мянга гаруй багшийн 7000 орчим нь Багшийн сургуулийн “бүтээгдэхүүн” аж. Иймд тус сургууль сургалтын хөтөлбөрөө шинэчлэхгүй бол багш нар дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж чадахгүй. Ийм ч шаардлага үүссэнийг сургуулийн удирдлага нь хэлнэ лээ. Тухайлбал, сургалтын хөтөлбөртөө кодчилол, дижитал сургалтын арга зүй, зөөлөн ур чавдар, сэтгэл хөдлөл нийгэмшихүйн хичээлийг шинээр оруулсан гэнэ. Мөн улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад гуравдугаар ангиас эхлэн англи хэл заах хөтөлбөрийн хүрээнд англи хэлтэй, бага ангийн багш бэлдэж буй аж. Тодруулбал, тус хөтөлбөрөөр 2023 оноос гурван ангид элсэлт авчээ. Мөн бага ангийн багшийн туслах бэлдэж буй аж. МУИС, МУБИС-иас эхлээд төрийн болон хувийн олон сургуульд багш нарыг тасралтгүй бэлдсээр. Төгсөгчид нь мэргэжлээрээ ажилласан бол өдийд манай улсад багшийн хомсдол бүү хэл, илүүдэл үүсэх биз.
Нэгэнт сургалтын төлбөрийг татвар төлөгчдийн халааснаас гаргуулсан бол төгсөөд мэргэжлээрээ заавал ажиллах гэрээний үүргээ биелүүлнэ үү, эрхэм багш нар аа. Эсвэл, төгсөөд хүссэн газраа багшилна, заавал сум, улсын сургуульд ажиллахгүй гэж байгаа бол төлбөрөө хувиараа төлөх эрх нь нээлттэй. Сургалтын төлбөрөөс чөлөөлөх нь баттай хөшүүрэг болж чадсангүй. Боловсролын салбарын “цоорхойг” нөхөх арай дөнгүүр арга бодож олохгүй бол багшгүй улс болж мэдэх нь.