Хачгийн өвчлөлийн идэвхжлийн хамгийн өндөр үе нь эдүгээ тохиож буйг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Тодруулбал, манай оронд хачиг тавдугаар сараас эхлэн гарч, түүгээр дамждаг гурван төрлийн халдвар 6-7 дугаар сард иргэдийн дунд өргөн тархдаг байна. Малын хачгаас риккетсиоз, ойн хачигт хазуулснаар боррелиоз, энцефалит хэмээх вирусээр өвчилдөг аж. Эдгээр халдвараас ойн хачгаар дамждаг нь манайд элбэг тохиолддог.
Ойн хачигт боррелиозоор бүх насныхан халдварлах эрсдэлтэй бөгөөд нийт өвчлөгсдийн 7.6 хувийг малчид эзэлдэг бол энцефалит туссан хүмүүсийн 73.6 хувь нь 20-54 насныхан, тэдний олонх нь эрчүүд байдаг гэнэ. Энэ төрлийн вирусний халдвар авагсдын дунджаар хоёр хувь нь нас бардаг. Уг хоёр үүсгэгч нь Сэлэнгэ, Булган, Хэнтий, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумын ойн бүсэд байгалийн голомттойг ХӨСҮТийнхөн анхаарууллаа. Иргэд ихэвчлэн мал хариулах, самар, жимс, халиар, эмийн ургамал түүх, ойн бүсэд ажиллах үедээ хазуулж өвчилдөг байна.
Иймд хачиг хазсан байж болзошгүй шарх үүсэх, улайх, өндөр халуурах, бөөлжих, цочимтгой болох, дэмийрэх, унтаарах, толгой өвдөж, ядарч сульдах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д яаралтай хандахыг зөвлөв. Цочмог үед нь эмчилгээ хийлгэхгүй бол архагшин, улмаар үе мөчний үрэвсэл үүсгэх, яс сийрэгжих, цаашлаад ухаан алдах, саажилттай болох аюултай тул ойд явахдаа ханцуй, өмдний шуумагт хачиг үргээгч цацах, түүхий сүү, мах хэрэглэхгүй байх, тод өнгийн хувцас өмсөх, эрсдэлтэй бүсэд амьдардаг, тогтмол зорчдог ажил эрхэлдэг бол вакцин тариулах шаардлагатай аж.
О.Ундрах