Балба улсын Катманду хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон Азийн байгаль хамгааллын конгресс (CAC2026)-т манай улсыг төлөөлж Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаачид оролцжээ. Энэ нь бүс нутгийн хэмжээнд байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачдыг нэгтгэдэг, олон улсад нэр хүндтэй чуулган юм.
Улс орнуудаас 500 гаруй эрдэмтэн, судлаач оролцсон зургаа дахь удаагийн чуулганыг “Азийн биологийн олон янз байдал ба хүний сайн сайхан байдлын уялдаа холбоо” сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд экологичид экосистемийн сэргэлт, байгаль хамгааллын санхүүжилт, хиймэл оюун ба технологийн хэрэглээ зэрэг 19 үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлжээ. Харин Монголыг төлөөлсөн шувуу судлаач Д.Батмөнх, зэрлэг амьтны экологич Ч.Баярмаа, Э.Түвшинжаргал нар манай орны нүүдлийн шувуудын хамгаалал, экосистемийн уялдаа холбоо, нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн байгаль хамгааллын шийдлүүд, дэвшилт технологи ашиглан хулгайн антай тэмцэх боломжийн талаар илтгэл тавьсан байна.
Ж.Сувд