Хөл бөмбөгийн ДАШТ маргааш (Улаанбаатарын цагаар баасан гарагт) эхэлнэ. Анх удаа 48 баг оролцож буй тус түүхэн тэмцээний өмнө бүх баг, 1248 хөл бөмбөгчийг судлах амаргүй. Тиймээс хоолны өмнө шийр зугаа болгож шигшээ багуудыг түрүүлэх боломжоор нь эрэмбэлэхийн зэрэгцээ товч танилцуулахыг хичээв.
ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БАГУУД
Испани: Европын аварга цолыг эзэмшигч дийг фаворитын тоонд багтаахаас өөр аргагүй. Испанийн баг гайхалтай хувь тоглогчид бүхий бүрэлдэхүүнтэй бөгөөд 16 жилийн өмнөх амжилтаа давтахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, тивийн алтан медалиа дэлхийн аварга цолтой ихэрлүүлэхийг хүсэж буй юм.
Франц: Дэлхийн хамгийн “үнэтэй” шигшээ баг. Transfermarkt тус багийг 1.55 тэрбум еврогоор үнэлж байна. Одод чихэлдсэн Д.Дешамын баг сүүлийн хоёр ДАШТ-ий финалд тоглосон. Тэднийг гурав дахь финалдаа шалгарах чадвартай гэдэгт үл эргэлзэх шалтгаан алга.
Англи: Дэлхийн хоёр дахь үнэтэй шигшээ баг. Т.Тухелийн баг сонгон шалгаруулах тэмцээнийг нэг ч гоол алдалгүй өнгөрөөж, хэд хэдэн од нь шигшээдээ багтсангүй. Ийм л хүчирхэг баг Америкийг зорьж байна.
Аргентин: Л.Месси тэмцээний дундуур 39 нас хүрэх ч Катарт хүртсэн аваргын цомоо хамгаалахыг гол зорилгоо болгоно. Аргентины багийн бүрэлдэхүүн, тоглолт өмнөх ДАШТ-тэй харьцуулахад бараг өөрчлөгдөөгүй тул түүний багийг тооцооноос хасаж болохгүй.
Португал: Л.Месси байгаа бол К.Роналду ч байх нь мэдээж. Хөгшрөхийг үл мэдэгч довтлог чийн удирдлага доорх Португалын энэ гайхамшигт үе бол алтан цомын төлөөх гол нэр дэвшигчдийн нэг юм. Үнэхээр ч Португалынх шиг бүрэлдэхүүнтэй багт өөр зорилго байх ёсгүй.
Бразил: Нэг ч ДАШТ-ийг алгасаагүй цорын ганц улс бөгөөд энэ удаад ч уламжлал ёсоор гол фаворитын нэг. Ахлах дасгалжуулагч К.Анчелотти үзэгчдийг баясгахаар Неймарыг шигшээд дуудсанаас гадна зургаа дахь алтан цомыг нь авчирч өгөхөөр шигшээ багийн хамтаар Хойд Америкийг зорив.
Герман: Т.Мюллер, Т.Кроос, И.Гюндоган нар шигшээг орхисон нь германчуудад хүнд тусаж болох ч Ю.Нагельсманн гурван жилийн хугацаанд багаа дахин шинээр бүтээж байна. Ф.Вирц, Ж.Мусиала нар ч том амжилтад хүрэхэд бэлэн болжээ.
Нидерланд: Өмнөх гурван ДАШТ-ий ялаг чийг зөв таасан математикч Й.Клемент энэ удаад алтан медалийг голландууд хүртэнэ гэжээ. Р.Куманы бүрэлдэхүүн ямар ч багтай эн тэнцүү хүч үзэх чадвартай, тиймээс магадгүй “улбар шар”-ууд анх удаа хөл бөмбөгийн оргилд хүрч болох юм.
ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРЬЖ МАГАДГҮЙ БАГУУД
Бельги: Р.Лукаку, К.Де Бройне, Т.Куртуа, А.Витсель зэрэг алтан үеийнхэн дээр залуу одод болох Ж.Доку, Ш.Де Кетеларе, А.Онана нар нэгджээ. Бельги хэдий түрүүлэх багуудын тоонд орохоо больсон ч ялах боломж нь хэвээр учир тэднийг тооцооноос бүрэн хасах хэрэггүй.
Уругвай: Э.Кавани, Л.Суаресгүй Уругвайн багийг үзэх сонин санагдах болов уу. Тус багт үе хурдтай солигдож байна. Гэсэн хэдий ч бү рэлдэхүүн нь сайн тоглогчдоор дүүрэн. Ф.Вальверде, Р.Араухо, Р.Бентанкур гэх мэт. Домогт М.Бьелса багаа хэрхэн дээд хэмжээндээ тултал нь тоглуулахыг ойлгож байгаа нь гарцаагүй.
Норвег: Хамгийн том сенсаац тарьж магадгүй баг. Скандинавчууд сонгон шалгаруулах тэмцээнд Италийг хоёр удаа ялж, нийт 37 гоол оруулсан нь Европын бүсдээ хамгийн шилдэг үзүүлэлт байв. Тэдгээрийн 16-д нь Э.Холанд хувь нэмэр оруулсан бөгөөд М.Эдегор, А.Сёрлот нарын хамт өрсөлдөгчдөө бут цохихоор Америкийг зорьж байна.
Колумби: Х.Родригес, Д.Оспина нар Бразилд гайхалтай тоглосноос 12 жилийн дараа Колумби тэрхүү амжилтаа давтах чадвартай болоод байна. Гайхамшигтай довтолгоо, ахмадуудын туршлагатай хосолбол ихийг дуулгаж мэднэ. Түүнчлэн Колумб ердөө хоёр жилийн өмнө Америкийн цомын финалд тоглож байсныг мартаж болохгүй.
Хорват: Л.Модричийн үдэлтийн ДАШТ. Түүнтэй хамт том тэмцээнд том амжилт гаргах боломжууд нь Хорватыг орхих болов уу. Гэхдээ түүнийг байгаа цагт шагналт байрын төлөө үзээд алдахад яагаад болохгүй билээ.
Мексик: ДАШТ-ий шөвгийн 16-д дараалан долоон удаа шалгарсан мексикчүүдийн цуврал 2022 онд тасалдсан. Мексик 1970, 1986 онд болсон ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан дээд амжилтаа энэ удаа давтах, бүр давах төгс боломж бол нутагт нь болох энэ удаагийн тэмцээн юм.
АНУ: Эзэн орны багт хэсгээсээ гарах бүрэн боломж бий. Нутгийн дэвжээ тэднийг түших нь гарцаагүй. Талбайн эздийн хувьд ч ингэх нөөц бололцоо байгаа.
Швейцар: Тогтвортой бөгөөд найдвартай тоглолттой европчууд сүүлийн 12 жилд том тэмцээний хасагдах шатанд тогтмол шалгарч байна. Швейцар хэсэгтээ нэгдүгээр байр эзлэх ёстой. Гэхдээ түүнээс цааш хэрхэхийг хэн ч мэдэхгүй.
Марокко: 2022 онд Африкийн багуудын хувьд гойд амжилт болох хагас шигшээд хүрснийхээ дараа мароккочууд энэ эрчээ одоо ч алдаагүй бөгөөд тивийнхээ гол найдвар гэгдэж байна. Хэдий амаргүй хэсэгт орсон ч тэндээсээ гарч чадахгүй бол үүнийг нь том бүтэлгүйтэлд тооцож болно.
Шотланд: Сугалааны хувьд шотландчууд Марокко шиг л азгүйтсэн (тэд Бразилтай хамт нэг хэсэгт байгаа). Шотланд 28 жилийн дараа ДАШТ-д оролцож байгаа бөгөөд эрхийн төлөө плей-оффын тоглолтод Данийг давсан билээ.
Турк: В.Монтелла туркүүдийг тун үр дүнтэй удирдсаар 2024 оны Европын АШТ-ий шилдэг наймд шалгаруулж байв. А.Гюлер, К.Йылдыз нар асар их хариуцлага үүрэхэд бэлэн, түүнээс гадна ийм авьяастнуудтай байхад баг нь өндөр амжилт үзүүлэх боломжтой.
Түүнчлэн дундаж багуудаар Япон, Швед, Австри, БНСУ, Чех, Канад, Парагвай, Кот Д`Ивуар, Эквадор, Египет, Сенегал, Босни Герцеговины багийг нэрлэж болох юм.
Э.Манлайбаатар