Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа өмчийн харилцаа үүсэж төр өмчөө хянах, бүртгэх, зохицуулах шаардлага бий болсон. Энэ хүрээнд 1996 онд Төрийн өмчийн хороог байгуулж байжээ. Улмаар 2016 онд ТӨБЗГ болгож өөрчилсөн. ТӨБЗГ-ын хийх ажил нь төрийн өмчийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх, удирдлага, менежментийг боловсронгуй болгох замаар төрийн өмчийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхэд оршдог.
Гэтэл 2025 онд ҮАГ-аас хийсэн аудитаас ноцтой дүгнэлт гаргасан байна. Түүнд “Төрийн өмчит хуулийн этгээд эд хөрөнгө олж авах, бүртгэх, шилжүүлэх, худалдах, акталж данснаас хасах шийдвэрийн биелэлтийг тус шийдвэрт заасан хугацаанд ТӨБЗГ-т тайлагнадаг боловч тус шийдвэрийн биелэлт оновчтой үнэн зөв хэрэгжсэн эсэхэд тавих хяналт хангалтгүй байна. Мөн үндсэн хөрөнгийн жилийн эцсийн тооллогын илтгэх хуудаст хөрөнгийн бүрэн бүтэн байдал болон эвдрэл гэмтэлтэй хөрөнгийн талаар мэдээлэл тусгаагүй, санхүүгийн программд үндсэн хөрөнгийг бүртгэхдээ хөрөнгийн загвар, нэр, төрөл, байршил, хариуцах эзэн болон хөрөнгөтэй холбогдох мэдээллүүдийг ерөнхий нэршлээр дутуу кодлон бүртгэсэн /ойлгомжтой, давхардахгүй бүртгэх/, хөрөнгө тус бүрд тухайн хөрөнгийн QR кодыг бүртгэн тэмдэглээгүй байна” гэжээ. Өөрөөр хэлбэл ТӨБЗГ төрийн өмчийг хянах, бүртгэх, зохицуулах үүргээ гүйцэтгэж чадахгүй болжээ. Тус газрыг Б.Цэнгэл удирддаг. Тэрээр 1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга, 1992-1996 онд НИТХ-д зохион байгуулагч, 1997-1998 онд НИТХ-ын ажлын албанд хуулийн зөвлөх, 2000 оны 1-6 дугаар сард ШЕЗ-д менежер, 2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга, 2001-2002 онд ГЕГ-ын Хяналтын шуурхай албаны дарга, 2002-2003 онд ГЕГ-ын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст гаалийн улсын ахлах байцаагч, 2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт орлогч дарга, 2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, 2008-2009 онд ЗТАЖЯ-ны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал, 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга, 2012 оны 1-9 дүгээр сар хүртэл ЗТБХБ-ын дэд сайд, 2013-2015 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх, 2015 онд ГЕГ-ын дарга, 2017-2019 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал, 2019-2020 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сард ТӨБЗГ-ын даргаар томилогджээ. Б.Цэнгэл байсгээд “Эрдэнэт”-ийн захирлаар очих тухай яригддаг. Гэтэл тэрээр одоо хашиж байгаа ТӨБЗГ-ыг унагасныг ҮАГ дүгнэсэн байна.
М.Бат-Эрдэнэ