Х.Нямбаатар хотын захирагчаар ажиллах хугацаандаа нийслэлийн төсвийг жилд 2-4 удаа тодотгодог “уламжлал” тогтоосон. Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд нийслэлийн ИТХын төлөөлөгчид 2026 оны төсөвтөө нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэтэл саяхан томилогдсон шинэ мээр дахиад нийслэлийн төсөвт “гар хүрэхээр” төслөө өргөн мэдүүлээд байна. Нийслэлийн 2026 оны төсөв, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах, “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай зэрэг 10 асуудлыг уржигдар нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн 26 дугаар хуралдаанаар хэлэлцжээ.
Нийслэлийн энэ оны төсвийг хоёр дахиа тодотгох болсон шалтгаанаа тэд дэлхийн зах зээлд шатахууны үнэ нэмэгдсэнээс үүдэж зөвхөн нийтийн тээврийн салбарын зардал нийтдээ 32 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэх тойм тайлбар хэлэв. Төсвийн нэмэлт, өөрчлөлтийг нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар хэлэлцэх үеэр төслийн задаргаа, дэлгэрэнгүй мэдээллийг тодорхой өгөх хэрэгтэйг зарим төлөөлөгч онцолсон юм.
Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тавдугаар сарын 31-ний дотор гэрээгээ байгуулж амжаагүй төсвийн хөрөнгө оруулалтуудын санхүүжилтийг Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангахад зарцуулахаар төсөвлөсөн гэнэ. Мөн нийслэл хөрөнгийнхөө зардлаас 443.2 тэрбум төгрөг хэмнэсэн бөгөөд үүнийг ч өвөлжилтийн бэлтгэлд зарцуулахаар төлөвлөжээ.
Л.Аргамжин