Тендерээр хөлжигч, ашиг ологчдын халаас руу татвар төлөгчдийн мөнгийг хайр гамгүй урсгадаг хамгийн өргөн суваг нь цахимжилт болж хувирлаа. Энэ их хулгайн замыг манай төр жим төдий байхаас нь тасралтгүй тордож, зассаар өнөөгийн түвшинд авчрав. Өдгөө төрөөс тунхагласан цахим шилжилт, цахим засаглал хэмээх далбаан доор аппликэйшн, программ хангамж хөгжүүлэх, их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, цахим систем нэвтрүүлэх, программын лиценз нийлүүлэх, дэд бүтэц бий болгох зэрэг сүржин тодотголтой аахар шаахар олон ажлыг ямар ч хяналтгүй, уялдаа холбоогүй хийж байна. Үүний дунд ашиг хонжоо олох сэдлээр, эсвэл хэн нэгний захиалгаар санаачилсан, ямар ч шаардлагагүй, хийдэл, давхардал үүсгэсэн, ор нэрийн төдий хийгээд орхисон гэж хэлж болох ажил цөөнгүй. Энэ болгонд татвар төлөгч та, биднээс төсөвт төвлөрүүлсэн мөнгө үнэгүйдэж, хулгайн замаар орж буй нь харамсалтай.
Манай улс 2015 оноос хойш зөвхөн программ хангамж, цахим систем хөгжүүлэлтэд улсын төсвөөс 100, гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээс 700, нийт 800 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ хэрээр төрийн үйлчилгээний хүртээмж сайжирч, үр ашиг, бүтээмж нэмэгдэн, цаг хугацаа, зардал хэмнэсэн үү гэвэл үнэлэх боломж, хэмжих арга даанч алга. Харин үр ашиггүй, чанаргүй ажлуудад маш их хэмжээний мөнгө зарцуулсан нь тодорхой байна. Үүнийг нотлох олон жишээнээс нэгийг дурдъя.
Иргэдийн төрөөс авдаг хамгийн эрэлттэй үйлчилгээнүүдийн нэг нь газрын харилцааных байдаг. Төр үүнтэй холбоотой үйлчилгээ (шинээр газар эзэмших, өмчөө бусдад шилжүүлэх, гэрчилгээ сунгах, барьцаанд бүртгүүлэх, чөлөөлөх, зориулалт, талбайн хэмжээ өөрчлөх гэх мэт 20 гаруй төрлийн)-г иргэд, аж ахуйн нэгжид илүү хялбараар үзүүлнэ гээд “EGzar” аппликэйшн болон үүнтэй ижил нэрт цахим системийг хөгжүүлж, нэвтрүүлсэн. Гэтэл өдгөө тус аппликэйшн хэрэглэгчдийн уур бухимдал, цаг хугацааг барсан урагшгүй программуудын нэг болоод байна. Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрынхан нь ч цагаандаа гараад үүнийгээ хүлээн зөвшөөрчихсөн “Энэ программыг дахин засаж хөгжүүлнэ” гээд сууж байна. Ажилладаггүй, ашиглахад төвөгтэй программаа засуулаач ээ гэж шаардлага тавьсан, зохих байгууллагад гомдол гаргасан иргэнд “EGazar” гар утасны программыг засах нээлттэй тендер зарлавал оролцоорой” хэмээн даапаалах маягтай хариу өгсөн байх юм. Төрийн байгууллагаас ийм хариу авсандаа гайхшаа барсан иргэн “Эл системийг багагүй төсвөөр хийлгэсэн боловч тухайн ажлын тендерийг авч гүйцэтгэсэн компани нь баталгааны хугацаандаа алдаа дутагдлаа засаагүй, хөгжүүлэлтээ гүйцэд хийгээгүй юм байна. Цаашид ч хийж өгөхгүй бололтой. Хэн нэгний дутуу дулимаг хийсэн ажлыг гүйцээлгэхийн тулд дахин тендер зарлана гэдэг нь төрийн байгууллагынхан төсвийн мөнгөнд ямар үрэлгэн ханддагийг илэрхийлж байна. Энэ тохиолдолд дахин тендер зарлах бус, тухайн программыг хөгжүүлсэн компаниар асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Баталгааны хугацаа дууссан гэдэг байдлаар гүйцэтгэгч компанийг хамгаалах хандлага гаргаж байгаагийн цаана ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй” гэж ярив.
Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрынхан “Газрын цахим систем (egazar.gov.mn) болон гар утасны программ хангамжийн хөгжүүлэлт хийх”, “Газрын удирдлагын нэгдсэн цахим системийн хөгжүүлэлт хийх, хэвийн ажиллагааг хангах” гэсэн хоёр ажилд гэхэд л улсын төсвөөс 300 орчим сая төгрөг зарцуулжээ. Нээлттэй, ил тод байгаа мэдээллээс шүүж үзэхэд л ийм байна. Доголдолтой, алдаатай программаа өөд нь татахын тулд үүнээс далд ямар ажлууд хийлгэж, хэчнээн төгрөг зарцуулсныг нь бид мэдэхгүй. Гэтэл одоо төсвийн хөрөнгөөр дахин засвар, хөгжүүлэлт хийлгэхдээ тулав. Арай л даварсан, задарсан хэрэг биш гэж үү. Харамсалтай нь, манай төрийн байгууллагынхны мэдэлд яг үүнтэй ижил алдаа доголдолтой, боловсронгуй бус, наад захын асуудлуудыг нь шийдээгүй, байсхийгээд л “засварт” ордог аппликэйшн “GSign”, “Ejob”, “Ezagas” зэргээс эхлээд өчнөөн. Эцэстээ төр аппликэйшн “үйлдвэрлэгч” болж хувирлаа.
Цахимжилт гэдэг бол аливаа байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагааг дижитал технологид тулгуурлан цахим хэлбэрт шилжүүлэх үйл явц юм. Өөрөөр хэлбэл, иргэд ямар нэгэн үйлчилгээ авахын тулд цаг заваа баран байж нэг байгууллагаас нөгөөгийн хооронд шогшиж, заавал нүүр нүүрээ харан уулзаж, цаас дамжуулдаг уламжлалт тогтолцоог мэдээллийн технологийн тусламжтайгаар хялбарчлах гэсэн шийдэл. Үүний нэг талд нь аливаа үйлчилгээг иргэдэд төвөг чирэгдэлгүй үзүүлэх, нөгөө талд нь албан тушаал, чиг үүргийн давхардлыг арилгах замаар төрийн нүсэр бүтэц, данхар төсвийг бууруулах зорилт зуузай холбон явж байдаг. Харамсалтай нь, манайд цахим шилжилт нэрийн дор хийж буй ажлууд хяналтгүй, уялдаа холбоогүй өрнөдөг учир энэ зорилгоосоо гажчихаад байна.
Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем рүү нэвтрэн дурын огноогоо оруулаад, “цахим систем”, “программ хангамж хөгжүүлэлт”, “хиймэл оюун”, “дата өгөгдөл” зэрэг түлхүүр үгээр хайлт хийж үзвэл замбараагүй олон тендерийн мэдээлэл гарч ирнэ. Мэдээллийн технологийн талаар гүн гүнзгий мэдлэггүй хүн ч үүнийг хараад ямар бодлогогүй, үрэлгэн зардлууд өдөр тутам урсаж байдгийг төвөггүй ойлгоно. Эрчим хүчний ч дэд бүтэцгүй аймагт инновац, хиймэл оюун, технологийн төвийн дэд бүтцийн зураг төсөл боловсруулна л гэнэ. Говь-Алтайнхан улсын хэмжээнд цахилгаангүй гэгдэж байсан цор ганц сумаа дөнгөж саяхан л эрчим хүчний эх үүсвэрт холбосон шүү дээ. Ийм бүс нутагт 70 сая төгрөгөөр хиймэл оюуны дэд бүтцийн зураг төсөл гаргах нь хэнд, ямар ач холбогдолтой гэж.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг “И Монголиа академи” УТҮГ-ынхан өргөдөл, гомдлын нэгдсэн мэдээллийн санд суурилсан хиймэл оюунт дашбоард нэвтрүүлэх ажлыг 300 сая төгрөгөөр хийлгүүлэхээр тендер зарлаж. Дашбоард гэдэг бол тодорхой чиглэлийн мэдээлэл, тоон үзүүлэлтүүдийг цэгцтэйгээр нэгтгэн харуулсан систем юм билээ. Нарийн яривал төрийн байгууллагууд дахь хүний нөөц, өгөгдөл, мэдээллийг ашиглаад тендер зарлалгүйгээр л хийчих боломжтой ажил. “Үндэсний дата төв”-ийн систем хөгжүүлэлтийн чиг үүргийг шилжүүлэн авсан нүсэр бүтэц бүхий байгууллагад энэ зэргийг хийчих хүн байхгүй гэж үү.
Ерөнхий сайд Н.Учрал саяхан “Сайд, дарга нарыг төрийн албан хаагчдаас тоон мэдээлэл нэхдэгийг болиулна. Үүнтэй холбоотойгоор их өгөгдөлд суурилсан дашбоардыг төрийн албан хаагчдын хэрэглээнд нэвтрүүлнэ” гэж мэдэгдсэнээс хойш иймэрхүү төрлийн тендерийн зар эрс олширлоо. Энэ мэтчилэн дурдвал 50, 100-гаас эхлээд 200-300 сая төгрөгийн төсөвт өртөгтэй шалдар булдар ажил төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дүүрэн байх аж. Тэрбум тэрбумын зардалтай нь ч цөөнгүй. Тухайлбал, “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд Засгийн газрын архивын цахим систем хөгжүүлэх ажлыг 2.3 тэрбум төгрөгөөр хийлгэх гэж байна. Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлэх суурь системийн ажилд 2.4, яаралтай тусламжийн дуудлагын нэгдсэн 112 дугаарлалтын цахим системд 13.1 тэрбум зарцуулахаар төсөвлөжээ. Цахим шилжилтийн нэр барьсан нүсэр төсөвтэй ажлууд болон үргүй зардлуудыг дурдвал дуусашгүй нь. Үр дүнд нь “EGazar” шиг аппликэйшн олноороо “мэндэлсээр”.
Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар цахим засаглалыг бэхжүүлж, цахим шилжилтийг дэлхийн жишгээр үр дүнтэй хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Үүнийхээ хүрээнд гаргасан шийдвэрүүдийн нэг нь төрийн байгууллагынхныг программ хангамж хөгжүүлэхийг хориглосон явдал. Энэ нь угтаа манай төр программ хангамжийн чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажилдаа дүн тавьсан хэрэг. Гэтэл нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар чип нэвтрүүлэх, программ хангамж хөгжүүлэх тендер зарлаж “тэрсэлж” байх жишээтэй. Тодруулбал, төрийн байгууллагынхныг программ хангамж хөгжүүлэхийг хориглосон шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан юм. Харин нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрынхан “Нийслэл хотын хэмжээнд байшин хорооллын орон сууцны орц, гарцын хаалтаар 101, 102, 103, 105, 108 дугаарын тусгай тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрэхэд таних смарт чип нэвтрүүлэх, программ хангамжийн хөгжүүлэлт хийх” тендерийг үүнээс сар гаруйн дараа зарлав. Манай төрийн бодлого, шийдвэр хөрсөн дээр хэрхэн буудгийн, цахим шилжилтийн ажлууд хоорондоо хэр зэрэг уялдаа холбоотой байдгийн бодит жишээ нь энэ болов. Түүнчлэн манай улс программ хангамж, цахим систем хөгжүүлэх нэрийдлээр өнгөрсөн хугацаанд ямархуу ажлуудад хөрөнгө оруулж, холион бантан хутгаж ирснийг ч энэ явдал нотлов.
Орон сууцын ихэнх хотхон, хорооллын орц, гарц таних тэмдэг бүхий тусгай чипээр нээгддэг. Түүнчлэн оршин суугчдын бүртгэлтэй утасны дугаараар нээгддэг нь ч бий. Эдгээр системд яаралтай тусламжийн тээврийн хэрэгслүүдийг таниулах, утасны дугаарыг нь бүртгэх зэрэг ажлуудыг хийчихэд л шинээр чип “үйлдвэрлэх”, программ хөгжүүлэх шаардлагагүй. Гэтэл нийслэлийнхэн түргэн тусламжийн автомашиныг “ногоон гэрэл”-ээр нэвтрүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлага, эмзэг асуудалд дөрөөлөн 800 сая төгрөг үрэн таран хийхээр завдав. Мэдээж дээрх шийдвэртэй холбоотойгоор энэ ажлыг цуцлах нь тодорхой. Гэхдээ үүнээс үл хамааран анхаарах ёстой асуудал бол илт хулгайн шинжтэй ийм ажлыг дэмжиж батлаад, санхүүжилтийг нь төсөвт суулгуулаад, тендер зарлуулах үе шат хүртэл явуулж байгаа гажууд тогтолцоо юм. Тогтолцоо эрүүл бус бол төр хэчнээн хэмнэлт яриад, хориг хязгаарлалт тавиад, шилжилт, шинэчлэл хийх гэж зүтгээд нэмэргүй. Намаг балчигтаа үлдэнэ л гэсэн үг. Цахим шилжилтийн далбаан доорх төсвийн “наадаан” үргэлжилсээр.
Н.Мишээл