Сэлэнгэ аймгийн Орхон, Сайхан сумын нутаг дэвсгэрт байгуулах “Хөтөл” үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-ийн Барилгын материал, үйлдвэрлэлийн цогцолбор, Өмнөговийн Цогтцэцийд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс угаах үйлдвэрт тулгуурлан бий болгох “Тавантолгой” ҮТП-ийн Кокс-химийн цогцолбор, Бор-Өндөрийн жоншны, Баргилтын төмрийн хүдрийн орд болон бүс нутгийн бусад ордын нөөцөд тулгуурлан байгуулах “Бор-Өндөр” ҮТП-ийн Жонш боловсруулах цогцолборын газруудыг энэ оны долоодугаар сард Засгийн газрын шийдвэрээр улсын тусгай хэрэгцээнд авсан. Ингэснээр олон жил “зэлтэрийн гацаанд” байсан үйлдвэрлэл, технологийн паркуудын газрын асуудлыг шийдвэрлэх, цаашлаад төрийн өмчийн ордуудын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээг¬дэхүүн үйлдвэрлэх замаар улс орны нийгэм, эдийн засагт өндөр өгөөж бий болгох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм байх. Харж л байя.
УИХ-аас 2009 онд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар Монгол Улс “өргөөд даахгүй, үлээгээд хийсэхгүй” хэдэн парктай болж, учир тойм нь ер олдож өгдөггүй “толгойны өвчин” нэмэгдсэн билээ. Хамгийн “өндөр настай” үйлдвэрлэл, технологийн парк бол “Эмээлт”, “Сайн¬шанд” хоёр. Уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилготой Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын төслийг 2010 онд тухайн үеийн салбарын сайд Х.Баттулга зүтгүүлсээр анх эхлүүлж, төрийн өмчит компани байгуулахдаа 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байв. Цаасан дээрх энэхүү төсөлд зөвхөн 2013 онд л гэхэд улсын төсөв болон Хөгжлийн банкнаас нийт 26 тэрбум төгрөг олгосон байдаг бөгөөд эцэст нь 2018 онд Засгийн газар татан буулгах шийдвэр гаргасан түүхтэй. Гэвч шүүх дээр өр төлбөрийн маргаантай асуудлууд байсан учраас татан буулгаж ч болохгүй, дансан дахь цөөн боловч үлдэгдэл мөнгийг нь төр гаргуулж авч ч чадахгүй, компанийн үйл ажиллагаа зогсож, түрээсэлж байсан оффисынх нь тавилга, эд хогшил эзэнгүй орхигдсоныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхан очиж бүртгэн, акт үйлдэж, нэг газарт аваачиж хураасан гэдэг. Монгол төрийн нэгэн эмгэнэл энэ.
“Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийг мөн л олон жил үлгэн салган явуулсаар 2022 оноос нийслэлд шилжүүлж, Дэлхийн банкны санхүүжилтээр ТЭЗҮ хийлгэснээр өнгөрсөн жил Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл дахин авчээ. “Цаа¬шид паркийн үйл ажиллагаанд УИХ, Засгийн газар, салбарын яамдын дэмжлэг ус, агаар мэт хэрэгтэй. Инженерийн шугам сүлжээ болон авто зам, үерийн байгууламжид 275.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай” гэж гүйцэтгэх захирал нь хээвнэг хэлж байх юм. Тэрбум тэрбумаар нь төсвөөс санхүүжилтийг нь шийдээд байхад л үр өгөөжөө өгөх нь байтугай хиншүү хярвас гартал “шатаад” өөдөлдөггүй, урагшгүй ҮТП-уудыг татвар төлөгчдийн халааснаас дахин “угжмааргүй” байна аа. Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк гэж бас л хэрхэх нь тодорхойгүй, бодлого шийдэлгүй газар байх. Ашиглалтын зардлаа ядаж танадаг болоосой гэж өмнөөс нь халагламаар ханхай том байшинтай, юу хийдэг нь мэдэгдэхгүй ч төсвөөс цалинждаг, гиюүрсэн хэдэн ажилтан, суудалдаа тогтдоггүй дарга даамалтай. Иймэрхүү үлгэн салган байдалтай ҮТП-ууд Монголд цөөнгүй ч манай улс төрчид шүүсийг нь шахаад цэгцлэх тухай боддоггүй. Үйл ажиллагаа явуулдаг, эсэх нь хамаагүй, пар¬куудын нэрийг барьж төсвөөс, төслөөс мөнгө “саахаа” л түрүүнд тавьдаг нь нууц биш.
Улс төрчдийн амин хувиа хичээсэн эрх ашгаас болоод зорилго нь буруудчихаад байгаа ч хүссэн, хүсээгүй бид энэ замаар л явж таарна. Тиймдээ ч Засгийн газрын 20242028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт коксхимийн болон нүүрс-химийн, зэс, жоншны хүдэр боловсруулах, барилгын мате¬риал, ган үйлдвэрлэлийн цогцолборыг ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор ҮТП-уудыг байгуулахаар тусгасан. Энэ дагуу Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалтыг баталсан юм. Уг жагсаалтад “Эрдэнэс” ҮТП ХХК-д харьяалагдах “Та¬вантолгой” ҮТП-ийн Кокс-Эрчим хүчний цогцолбор, “Эрдэнэт” ҮТП-ийн Зэс боловс¬руулах цогцолбор, “Дархан” ҮТП-ийн Гангийн цогцолбор, “Хөтөл” ҮТП, “Багануур” ҮТП-ийн Нүүрс-химийн цогцолбор, “БорӨндөр” ҮТП-ийн Төмрийн хүдрийн хорголж, жоншны баяжмал боловсруулах цогцолбор зэрэг төрийн өмчит үйлдвэрлэл, технологийн парк багтжээ.
Мөн орон нутгийн өмчит “Гэрэлт говь”, “Алтанширээт” ҮТП-ийн Кокс-эрчим хүчний цогцолбор, “Дорнын баялаг” ҮТП-ийн Нүүрсхимийн цогцолбор, хувийн өмчит “Шивээ овоо”, “Налайх” ҮТП болон “Багахангай” ҮТП-ийн Кокс-эрчим хүчний цогцолбор хамаарах аж. Үүний дотор нөгөө “Эмээлт” нь ч алга, баруун хязгаарын “Ховд” нь ч тусгагдсангүй. Дэргэдээ 100 үйлдвэр ашиглалтад оруулж, 2000 гаруй ажлын байр шинээр бий болгох том мөрөөдөлтэй “Ховд” үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг 2022 оноос улсын төсвөөр санхүүжүүлж эхэлсэн бөгөөд энэ жил дуусах төлөвлөгөөтэй байсан ч ажил нь дөнгөж 50 хувьтай яваа. УИХ-ын 2024 оны 64 дүгээр тогтоолд нэр нь дурайтал бичээстэй байх орон нутгийн өмчит “Бөхмөрөн”, “Хөшөөт”, “Мо¬гойн гол”, “Адуунчулуу” ҮТП-ийн бараа сураг ч алга. Нэг жилд гарсан УИХ, Засгийн газрын бодлого, хууль тогтоомж атлаа ийм уялдаа холбоогүй, зүүлэг байж таарах уу. Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулна гэх хэрнээ яагаад ч юм хангайн бүсэд ганц ч ҮТП алга.

Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний хуралдаанаар баталсан Үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-ийн байршлын жагсаалт
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед баталсан дээрх ҮТП-ийн байршлаас Г.Занданшатарын Засгийн газар “Хөтөл”, “Тавантолгой”, “Бор-Өндөр”-ийн газрын асуудлыг ямартай ч ший¬дэж өгчээ. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас харахад цаашдаа бодлогын залгамж чанар хэрхэхийг таашгүй. ҮТП-ийн байршлын жагсаалтыг баталснаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг тодорхой чиглэл, байр¬шилд зохистой төвлөрүүлэх, усны нөөц, ашиглалт, эрчим хүчний шинэ эх үүсвэр, цахилгаан дамжуулах шугам сүлжээг төлөвлөх, зам, тээвэр, ложистикийн нэгдсэн сүлжээ бий болгох, хот суурин байгуулах, хүн амын суурьшлын бүсийг тодорхойлох замаар эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үздэг. Гэвч цаасан дээрх бодлогын шийдвэр бодит амьдралд хэрэгжих, эсэхийг бас л харах үлдэв.
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд улсын төсвийн орлогыг бодитоор өсгөх чухал ач холбогдол бүхий зохицуулалтууд орсон тул Монголын эдийн засагт үлэмж тустай бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ хэмээн 2022 онд пиардаж байсан. Тэр жилдээ шинэчилсэн найруулгыг баталсан ч тухайн үед нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5033 ам.доллар байсан нь өдгөө 6800 ам.доллароос хэтэрсэнгүй. Бага зэргийн энэ өсөлт Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг сайжруулснаас үүдэлтэй гэвэл “хилс” хэрэг болно. Учир нь энэ онд л гэхэд үйлдвэрлэл, технологийн паркуудын эрх зүйн шинэчлэлийн асуудлыг хоёронтоо хөндөж, төрийн ордонд хэлэлцүүлэг хийгээд байгаа. Энэ асуудлыг системээр нь дахин авч хэлэлцэхгүй бол дан ганц салбарын хуулийг шинэчилж засаад өөрчлөлт гарахгүйг Монголын үйлдвэрлэл, технологийн паркуудын нэгдсэн холбооны төлөөлөл хэлсэн. Уг нь эл чиглэлийн хууль тогтоомжуудын хэрэгжилтийг үнэлэх, үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийг УИХын гишүүн Б.Уянгаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын 12 гишүүн ажилласан юм билээ. Ажлын хэсгийн зүгээс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх дэмжлэг тусламжийн талаар тодорхой тусгах, ингэхдээ татварын урамшуулал, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хууль, эрх зүйн уян хатан байдлыг ч анхаарах шаардлагатайг онцолжээ
Гурван жилийн өмнө шинэчилсэн хуулийн дагуу 12 журам шинээр батлах ёстойгоос дөнгөж долоог нь ажил хэрэг болгожээ. Түүхий эдийн баталгаа, дэд бүтцийн хангамжид хөнгөлөлт үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүчийг төлбөрөөс чөлөөлөх, АМНАТ-ыг хөнгөлөх зэрэг асуудлыг зохицуулах журмууд гарч амжаагүй байтал шинэ хуульдаа дахиад “гар хүрэх” нөхцөл байдалд ор¬сон гэхээр үйлдвэрлэл, технологийн паркийн бодлого, хөгжлийн үе шат үнэхээр түүхийгээрээ байгааг илтгэнэ.
2022 оны наймдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани хэлбэртэй байна” гэж хуульчилсан. Үүний дагуу “Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийг нэн түрүүнд компанийн хэлбэрт шилжүүлсэн бөгөөд 2024 онд “Багануур”, “Багахангай”, “Налайх” ҮТП-уудыг өөрчилсөн юм. Энэ нь нэг талаараа үйлдвэрлэл, технологийн паркуудыг олон нийтийн нээлттэй компани болгох эхлэлийг тавьж буй тул авууштай.
Паркууд нээлттэй компани болсноор өөр өөрийн чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтаа олон нийтээс татахаас гадна засаглалын хувьд ил тод болно. Гэхдээ өнөөгийн бидний байж байгаа царайгаар ҮТП-ууд олон нийтийн компанийн жишгээр хөгжиж ил тод, нээлттэй засаглалтай болж, хөрөнгө оруулагчдад үр өгөөж хүртээх нь юу л бол.
Л.Аргамжин