Одоогоос хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо аймшигтай дэлбэрэлт болсон. Нийгэм даяараа уй гашууд автаж, аюултай ачаа тээвэр болон галын аюулгүй байдал, газар олголтын алдаа, хариуцлага зэрэг олон асуудал хөндсөн. Харин эдгээртэй эн тэнцэхүйц чухал асуудал нь даатгал гэдгийг хүмүүс ойлгож үлдсэн үү, үгүй юу бүү мэд. Харамсалтай нь, дээрх осолд өртөн амиа алдан, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн дунд амь насны даатгалтай хүн байхгүй, ипотекийн зээлтэй нь эд хөрөнгийн болон амь насны даатгал хийлгүүлээгүй байжээ. Харин албан журмын буюу жолоочийн хариуцлагын даатгалаас таван сая төгрөгийн нөхөн олговор олгосон гэдгийг л даатгалын мэргэжилтэн дурдсан. Хэрэв тухайн гамшигт өртсөн хүн бүр гэнэтийн осол, амь нас, эд хөрөнгийн даатгалтай байсан бол иргэдийн төдийгүй улсын төсөвт үүсэх дарамт багасах байсан нь дамжиггүй. Ер нь даатгалын тогтолцоо бол иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үүсэх санхүүгийн эрсдэл, хүндрэлийг бууруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах, төсвийн ачааллаас хуваалцах нэг гарц юм. Улмаар даатгалын сангаас хөрөнгө оруулах замаар улс орны эдийн засгийг дэмжиж, санхүүгийн салбарын олон талт тулгуурыг бий болгодог. Товчхон хэлбэл, даатгал нь нийгэм, эдийн засаг, санхүү гийн чадамжийн дархлааг дэмжигч гэхэд болно. Тэгвэл ийм дархлаа манайд хэр тогтож байгаа бол.
Баянгол дүүргийн иргэн М.Ганчимэг хоёр хүүхэдтэй, нөхөртэйгөө ам бүл дөрвүүлээ байжээ. Гэтэл 2023 онд нөхөр нь нас барж, ипотекийн зээл төлөлтөд нь хүндрэл учирсан байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмжид хүүхэд бүрд сард 300 000 төгрөг олгодог. Харин ипотекийн зээлийн 1.3 сая төгрөгийн төлбөр эхнэрт нь шууд шилжсэн гэсэн үг. Энэ бол санхүүгийн томоохон дарамт мөн. Энэ тухайд М.Ганчимэг “Манайх ипотекийн зээлээр 20 жилийн хугацаатай байр худалдан аваад зургаан жил болоод хань маань бурхан боллоо. Сар бүр 1.3 сая төгрөг би ганцаараа төлдөг. Ипотекийн зээлийн гэрээнд гэнэтийн ослын даатгал гэж байдаг. Харин амь насны даатгал төлж болохыг бид мэдээгүй, магадгүй мэдсэн ч анзаараагүй байх. Хэрвээ ипотекийн зээлийн гэрээнд амь насны даатгалыг оруулсан бол зээлийн төлбөрөө даатгалын компаниар төлүүлж болох байжээ” хэмээв. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн иргэн Ч.Азбуян “2024 оны хавар галд өртөн, байшин маань шатсан. Хаврын хавсарганаар орох оронгүй болж, ерөөсөө л гудамжинд гарсан. 2022 онд 160 гаруй сая төгрөгөөр барьж, ашиглалтад оруулсан шинэ байшингаа “галдсан” санхүүгийн болон сэтгэл санааны хохирлыг хэлэх ч юм биш. Одоо байр хөлсөлж амьдардаг. Гэнэтийн гарз хохиролд бид огт бэлэн биш юм байна. Даатгал хийлгэх, эд хөрөнгөө даатгуулах ойлголт алга. Хэрэв байшингаа барьж, орсон даруй хөрөнгөө үнэлүүлж, даатгуулсан бол өдгөө нөхцөл байдал хамаагүй дээр байх сан. Машинаа албан журмынх учраас даатгуулдаг. Янз бүрийн осол гаргах, өр төлбөрт унавал даатгалаас нөхөн олговор аваад хэвшсэн. Байшин, эд хөрөнгөө л даатгуулж сурмаар байна” хэмээн харамсангуй ярьсан. Энэ бол бидний амьдралын нийтлэг төрх.
Манай орон эрс тэс уур амьсгалтай, хүйтэн, өндөрлөг бүсэд оршдог. Янз бүрийн шалтгаанаар гэнэтийн осолд өртдөг, хавдар, зүрх, судасны зэрэг хүнд өвчний улмаас нас баралт ихтэй. 100 000 хүн тутамд ногдох нас баралтын тоогоор дэлхийд дээгүүрт ордог судалгаа бий. Бас зуд болж, малчид бүх малаа ганц хоёрхон өдөрт “тавиад туучих” нь цөөнгүй. Гэсэн ч сүх далайтал үхэр амар гэгчээр санхүүгийн эрсдэлээ тооцдоггүй, даатгалын талаарх ойлголтгүй, нэмээд орлого бага учраас илүүчилж даатгалд зарцуулах хөрөнгө хомс амьдардаг. Тиймээс даатгалын салбар хэрхэн хөгжиж, ямар асуудал тулгарч буйг нь Санхүүгийн зохицуулах хорооноос тодрууллаа. СЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас “Энэ оны гуравдугаар улирлын байдлаар урт хугацааны даатгалын компаниуд 317 гэрээ байгуулж, 1.6 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлсэн бөгөөд энэ нь урт хугацааны даатгалын хураамжийн 28.8 хувийг бүрдүүлжээ. Нөхөн төлбөрт хураамжийн орлогын 87.5 хувь буюу 1.4 тэрбум төгрөг зарцуулсан. Нийт нөхөн төлбөрийн 45.7 хувь нь эрүүл мэндийн даатгалд ногдсон. Түүнчлэн ердийн даатгалын буюу “Гэнэтийн осол, эмчилгээний даатгал”-ын 201 455 гэрээ байгуулж, 83.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Энэ нь ердийн даатгалын орлогын 18.2 хувийг эзэлсэн байна. Нөхөн төлбөрт хураамжийн орлогын 37.9 хувийг буюу 31.6 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Эндээс харахад гэнэтийн осол, эмчилгээний зардал болон эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнүүний гэрээний тоо, хураамжийн орлого, нөхөн олговрын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Түүнчлэн ипотекийн зээлдэгчдийн даатгалаас энэ оны эхний хагаст 7.1 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлсэн нь давхар даатгалын компаниудын нийт хураамжийн орлогоос бараг 60 хувиар давлаа. Ийнхүү ипотекийн зээлдэгч дийн даатгалын журамд өөрчлөлт оруулснаар хураамжийн орлого өсөн, даатгалын салбар улам тэлэх боломж бүрдлээ. Цаашид даатгалын салбарын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлага, санхүүгийн чадамжийг дээшлүүлэх, эдийн засгийг дэмжсэн, цаг үед нийцсэн, уян хатан байдлыг хангахад чиглэсэн бодлого, зохицуулалтын орчныг бий болгох зайлшгүй шаардлага бий” гэлээ. Мөн үнэлгээчин болон өмгөөлөгчийн хариуцлага, агаарын хөлгийн зорчигчийн даатгал гэх мэт хуулийн этгээд, ажилтан, эсвэл холбогдох хөндлөнгийн этгээдийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий заавал даатгалын асуудлыг 20 гаруй хуульд тусган, зохицуулж байгаа ч тэдгээрийн хэрэгжилт тодорхойгүй, заавал даатгалын нэгдсэн бодлого, зохицуулалтгүйн улмаас хуулийн хэрэгжилт сул, хяналт хангалтгүй байгааг бодлогын түвшинд хэлэлцэж, сайжруулахаар ажиллаж буйгаа СЗХ-ноос нэмж дурдсан.
Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 2025 оны эхний 11 сард зургаан их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 18.9 хувиар өссөн байна. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын сангийнх дээрх хугацаанд хоёр их наяд төгрөгт хүрч, жилийн хугацаанд мөн 14.3 хувиар нэмэгджээ. Харин даатгалын сангийн нийт хөрөнгө өнгөрсөн жил 662.8, 2023 онд 551.4, 2022 онд 474.9 тэрбум төгрөг байсан аж. Даатгалын нөхөн төлбөрт гурван жилд 375.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Эндээс иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд албан журмаар төлдөг нийгмийн, тэтгэврийн даатгал буюу төрийн санд хувийнхаас хэдэн арав дахин их хөрөнгө төвлөрүүлдэг аж. Гэсэн ч төрийн даатгалын сангийн данс “улайдаг”, хөрөнгийг нь төвлөрүүлж байсан банк дампуурдаг зэргээс шалтгаалж иргэд нийгэм, эрүүл мэндийн наад захын үйлчилгээ авч чадахгүйд хүрдэг, тогтмол төлж ирсэн шимтгэл нь үнэ цэнгүйдэхийн зовлонтой. Тиймээс хувийн даатгалын байгууллагад хураамж төлөх, давхар даатгуулах боломжоо аль болох бүрдүүлэх хэрэгтэй болов уу. Тухайлбал, жилд 300-500 мянган төгрөгийг урт хугацааны даатгалд төлж явсаар, ойролцоогоор зуун сая төгрөгийн нөхөн олговор авах боломж бийг хувийн даатгалын компанийн төлөөлөл дурдав. Энэ талаар “Нэйшнл лайф даатгал” компанийн гүйцэтгэх захирал Г.Монголхүү ийн ярив. Тэрбээр “Манайх 2008 оноос албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулсан. Урт хугацааны даатгалын ганцхан байгууллага ажиллаж байсан бол өдгөө гурав болжээ. 20-иод жилийн өмнөх үеийнхээс хүмүүсийн ойлголт сайжирч, урт хугацааын даатгалд хамрагдах тоо өссөн. Ер нь улсын эдийн засаг тэлж, хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн (наанадаж автомашины тоо өссөн) учраас мөнгөн дүнгээр даатгалын салбарын статистик өсөлттэй байгаа юм. Олон улсад эдийн засаг өсөж, хүмүүсийн амьжиргаа сайжрахын хэрээр даатгалын бүтээгдэхүүний борлуулалт нэмэгддэг. Гэхдээ манай иргэдийн хувьд даатгалын салбарын мэдлэг, мэдээлэл бага байна. Иргэдийн олонх нь орлого багатай, түүнээсээ илүүчилж, даатгалд хураамж төлж чадахгүй хэвээр. Хүмүүс илүүчилж болох орлогоос л даатгалд зарцуулна шүү дээ. Уг нь хэр орлоготой нь хамаагүй, амь насны, эрүүл мэндийн, тэтгэврийн гээд даатгал гэдэг бол хувь хүний болон тухайн гэр бүлийн хувьд маш том хариуцлага. Хүний амьдрал, хүч чадал хязгаартай, гэнэт юу тохиолдохыг таашгүй. Ийм хязгаарлагдмал боломжийг аль болох тооцож, санхүүгийн найдвартай байдал бий болгох, үр хүүхэд, хойч үедээ өр төлбөр биш, ядаж даатгагдсан ирээдүй өвлүүлэхийг хичээх учиртай. Нөгөө талаас иргэдийн хувьд даатгалын салбарын найдвартай байдалд эргэлзэх, урт хугацаанд хөрөнгө оруулахаас эмээх, болгоомжлох хандлагатай. Энэ нь ч аргагүй. Гэхдээ даатгалын компаниудад тавих төрийн хяналт тун их. Хөрөнгийн шалгуур ч өндөр байдаг. Хэрэв даатгалын компанийн хөрөнгийн хэмжээ багасаж, эрсдэл учрах магадлал үүсмэгц үйл ажиллаагааг нь зогсоож, нөхөн төлбөрийг барагдуулах зохицуулалттай. Даатгуулагч нэг бүрийн нөхөн төлбөрийг барагдуулах хэмжээний хөрөнгийн нөөцийг үргэлж байршуулдаг гэсэн үг. Наргиан маягаар хэлэхэд даатгалын компани дампуурах магадлал хэн нэгэн хүн гэнэтийн осол, өвчнөөр нас барахаас бага шүү. Тиймээс даатгалд хамрагдаж, үүсэх санхүүгийн эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаасай” хэмээн ярив.
Манай улс мал аж ахуйн орон. Хүнийхээ тооноос хэд дахин олон малтай бөгөөд мал нь амьжиргааны томоохон эх үүсвэр болдог. Тэгвэл малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээс хойш одоогоор давхардсан тоогоор нийт 267.5 мянган малчин өрх болон мал бүхий иргэний 60 орчим сая толгой малыг индексжүүлсэн даатгалд хамруулж, 65 мянган малчин өрхөд 26 тэрбум гаруй төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Хэдийгээр малын даатгалын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлж, индексжүүлсэн даатгалыг амжилттай нэвтрүүлсэн ч жилд дунджаар нийт малчин өрхийн дөнгөж 14, малын найман хувь нь даатгалд хамрагдаж байгаа нь хууль, эрх зүйн орчныг илүү оновчтой болгох шаардлагатайг харуулж байна. Үүнээс гадна олон улсад даатгалын шимтгэл, хураамж төлөх дүн өөр өөр байдаг. Тухайлбал, өндөр хөгжилтэй орнуудын иргэд жилд 6000-8000, дунд болон буурай хөгжилтэй улсынх жил бүр дунджаар 50-800 ам.долларыг ердийн болон урт хугацааны даатгалд төлдөг юм байна. Харин манай улсад өнгөрсөн оны байдлаар жилд дунджаар 140 000 төгрөг буюу 40 гаруй ам.доллар төлж байжээ. Тэгвэл даатгалын хураамж төлөх нь алдагдал биш, хамгаалалт гэж ойлгох хэрэгтэй гэнэ. Хэдий хэр даатгалын хураамж төлж байна, төдий чинээ эрсдэлээ бууруулж, нөхөн олговор их авах боломж бүрдэх нь.
Дээр дурдсанчлан жилд 300 000-500 000 төгрөгөөр амь насаа даатгуулна гэдэг нь өдөрт 10001500 төгрөг л зарцуулах дүн. Бид санхүүгийн сахилга бат, хариуцлагатай байж ийм бага дүнгээр даатгал хийлгэж хэвшвэл дараа нь учрах цохилтод арай бага “шархадна” гэсэн үг. Мөн гэр бүл, ойр дотныхноо гэнэтийн хагацлаас гадна, санхүүгийн ачааллаа үүрүүлчхээд “унтаад өгөх”-өөс сэргийлэх юм. Тиймээс даатгал хэмээх дархлааг улам дэмжиж, бүх төрлийн даатгалд иргэн, гэр бүл, аж ахуйн нэгж бүр даатгуулж хэвших хэрэгтэй байна.
С.Дулам