“Шулам”-гүй газар “хөөрхөн”, сэргэлэн залуучууд ажилд авна. Ачаалал бага, хийцгүй талдаа. Та манай ажилд орохын тулд амьсгалдаг байхад болно, амьсгалахгүй байсан ч хамаагүй дээ” хэмээх ажлын зар хэдэн жилийн өмнө цахим сүлжээнд түгсэн билээ. Түүнчлэн “Өдөр бүр 11-16 цагийн хооронд ажиллах ажилд хүн яаралтай авна. Өдөр унтаж болно. Фэйсбүүк, инстаграм “ухах” цагтай. Цалинг бэлэн олгох тул орой бүр “шоудах” боломжтой. Та яараарай” гэсэн нь ч бий. Ер нь хөдөлмөрийн зах зээл, тэр дундаа байгууллагууд ямар хүн ажилд авахаар зэхэж буй талаар нарийн судалбал сонирхолтой зүйл цөөнгүй харагдах шинжтэй дэг.
“Залуучууд ажил голж, тууштай, тогтвортой байхаа больсон” хэмээн халаглаж, “Манайд ажиллах хүн олдохгүй байна. Ойр дотнын хүмүүсээс чинь ажилсаг, “аятайхан” хүн байвал нааш нь явуулаарай” гэж учирлах ажил олгогчдын “шүдний өвчин” өнөө цагт сайн ажилтан олох хүчин чармайлт болсон нь нууц биш. Гэвч манай улсад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо жил бүр 74-80 мянгын хооронд хэлбэлздэг нь тогтмол үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний хүн шинээр ажилд орох хүсэлтэй байдаг гэсэн үг. Харин аливаа албан тушаалд хүн тогтохгүй байгаа нь аж ахуйн нэгж, байгууллагатай ихээхэн хамаатайг сүү лийн үеийн цөөнгүй судалгаа харуулж буй юм. Үүний нэг хүчин зүйл нь ажлын байранд тавигдаж буй “супермэн”-ий шаардлагууд. Энэ төрлийн зараар дагнасан “zangia.mn”, “worki.mn”, “unegui.mn” зэрэг платформд байршсан болон албан байгууллагуудын веб хөтөч дэх ажлын заруудыг “ухвал” бодит амьдралд биелэх бараг боломжгүй гэмээр шаардлагатай олонтоо нүүр тулна. Тухайлбал, нэгэн байгууллага хууль зүйн судалгаа хийх, хэргийн нотлох баримт, эрх зүйн баримт бичиг хөтлөх, багийн гишүүд болон үйлчлүүлэгчдийг холбогдох мэдээллээр тогтмол хангах, төсөл боловсруулах, ахлах хуульчийн ажилд туслах үүрэг бүхий туслах хуульчийн ажлын байрандаа эрх зүйн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, монгол хэл, хэрэглээний программ хангамжийн өндөр боловсролтой, англи, хятад хэлний мэдлэгтэй хүн авахаар тусгаж, зохих цалинг 1.5-1.8 сая төгрөгийн хооронд тогтоожээ. Энгийн логикоор бодъё. Хуульч болохын тулд 4-5 жилийн хугацаанд их, дээд сургуульд сурах шаардлагатай. Ингээд “Эрх зүйч” хэмээх мэргэжлийн дипломтой төгсөнө. Дараа нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахын тулд хоёроос доошгүй жил дадлагад гарч, хуульд заасан зохих шаардлага хангасны дүнд тус шалгалтад орж, тэнцсэний эцэст “хуульч” гэж дуудуулах эрхтэй болдог. Гэтэл хичээл зүтгэл, амьдралынхаа цөөнгүй жилийг бүрэн зориулахаас аргагүй эл мэргэжлийн хувьд нэг хүнд ахадсан шаардлага тавьсан хэр нь цалингийн хэмжээ нь ийм байна. Түүнчлэн ийм байдлаар мэргэжилдээ хайртай, дуртай, ихийг сурч, мэдэх хүсэлтэй залуучуудаар туг тахиж, хамаг “хар” ажлаа хийлгэчхээд цалинг нь өгөхгүй хөдөлмөрийн мөлжлөг явуулдаг нь ч бий.
АЖИЛЛАГСАД ЯАХ ВЭ
Дэлхийн банкны тайланд дурдсанаар, Ази, Номхон далайн бүс нутагт ажилгүйдлийн түвшин 4-6 хувь. Үүний суурь шалтгаан нь ажлын байрны хүрэлцээ, өрсөлдөөн, хиймэл оюуны шилжилт төдийгүй өндөр хөгжилтэй, улс орнуудад залуусын хөдөлмөр эрхлэлтийн түвшин харьцангуй сул буй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн өнгөрсөн оны тайланд дурдсанчлан, аж ахуйн нэгж, байгууллагын 11.8 хувь нь шинэ болон сул ажлын байрандаа 47.4 мянган ажилтан авсан бөгөөд эдгээрийн 9.5 хувь нь барилга, 9.4 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 36.8 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарын ажил олгогчид байгаа юм. Гэтэл үүний 42.3 мянга нь ямар нэгэн шалтгаанаар ажлаасаа гарсан гэх дүн байна. Ажлаас гарагсдын 45 хувь нь өөрийн хүсэлтээр, 55 хувь нь хөдөлмөрийн гэрээ дуусах, халагдах, цомхотголд орох зэрэг шалтгаанаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь дуусгавар болсон хэмээн дурджээ.
Харин бусад олон улсын байгууллагын судалгаанд бичсэнээр манай улс шинэ, чанартай, тогтвортой ажлын байр бий болгоход хүндрэлтэй хэвээр буй төдийгүй залуу ажилчдын хувьд ажлын уур амьсгал, цалин хөлс тааруу, мэргэжлийн өсөлт, боломж хязгаарлагдмал байх нь ажлаас гарах шалтгаан хэмээсэн аж. Энэ талаар нэг бус залуугаас тодруулахад, “Ихэнх байгууллагын ажлын байранд тавигдах шаардлага нь залуучуудад халтай санагддаг. Бид их, дээд сургуулиа дөнгөж төгсөөд амьдралын гараандаа байхад 2-3 жилийн туршлага, бүтэн цагаар, хувийн ажил, амьдралгүй юм шиг ажиллахыг тулгаж, шаарддагийг гайхдаг. Ямар ч байгууллага өндөр бүтээмжтэй сайн ажилтантай байхыг хүсэх нь лавтай. Гэхдээ нэг хүнд ахадсан үүрэг, хариуцлага ногдуулах нь огтхон ч зөв биш гэж боддог” гэсэн бол “Аливаа албан тушаал тавигдах шаардлагадаа нийцсэн цалин хөлс олгодог бол сайн сан. Товчхондоо, манай зарим аж ахуйн нэгж, байгууллагууд “төгс” хүнээр дааж давшгүй их ажил хийлгэчхээд, өчүүхэн цалин өгч байх сонирхолтой санагдсан. Ажилд орох гэж буй бол өмнө нь тэнд ажиллаж байсан хүмүүсээс сэтгэгдлийг нь тодруулж, сайн судалж байж орох нь зөв болов уу”, “Бусдад тавьдаг шаардлагадаа байгууллагууд өөрсдөө ч тэнцэх хэрэгтэй юм шиг. Дотоод уур амьсгал тааламжтай бол бага цалинтай ч ажиллана. Гэтэл ихэнх компани хов жив, бэлгийн дарамт, шударга бус үнэлгээтэй, удирдлагын арга барил тааруу санагддаг. Тийм байж хүмүүст өндөр шаардлага тавихаасаа ичих хэрэгтэй” хэмээсэн юм.
“УР ЧАДВАР БҮР ҮНЭЛГЭЭТЭЙ”
Хүний нөөцийн болон хөдөлмөрийн харилцааны зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Эйч ар консалтинг фирм”-ийн захирал Ш.Баярмагнайгаас ажлын байранд тавигдах хэтийдсэн шаардлага болон залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар тодруулсан юм. Тэрбээр “2010-2020 он хүртэл ажлын байруудад хатуу шаардлага тавигддаг байв. Харин үүнээс хойш нэлээд өөрчлөгдсөн. Түүнчлэн ажлын байранд тавигддаг шаардлагууд үндсэн ажилд төдийлөн ач холбогдолгүй байдгийг тогтоосон нь бий. Ер нь тухайн шаардлагад буй дийлэнх ур чадварыг ажлын байранд гараад сурдаг. Ур чадвар бүр өөрийн үнэлгээтэй гэдгийг мартаж болохгүй. Хэрэв ажил олгогч та ийм шаардлага тавьж буй бол ойролцоогоор тэдэн төгрөгөөр цалинжуул гэх төсөөллийг бид боловсруулж өгдөг. Хүн “төгс” биш тул хэт өндөр шаардлага тавих нь ч ёс зүйгүй. Өөрөөр хэлбэл, үнэлгээ бүрд ур чадвар бий, ур чадвар бүр үнэлгээтэй. Хүн чадвартаа таарсан цалин авч байж л тогтвортой ажиллана.
Ажлын заруудад шинжилгээ хийхээр гадаадын компани, төслүүдээс зарласан ажлын саналд та ийм шаардлагад заавал нийцэх ёстой гэх бус, эл албан тушаалд очсоноороо ямар үүрэг гүйцэтгэх талаар дэлгэрэнгүй тусгаж, түүнд төвлөрсөн тал анзаарагддаг. Ажил горилогчдыг туршлагаар эзэмшдэг чадвараар “боох” бус, тэдний багаар ажиллах, харилцааны зэрэг зөөлөн ур чадварт нь анхаарч ажилтнаа сонгон шалгаруулах нь зүйтэй. Залуучууд ажил голж, хүн тогтож ажиллахгүй байна л гэдэг. Гэхдээ залуучууд өндөр бус, шударга цалин авахыг хүсдэг. Хүмүүс гарна гэж ажилд ордоггүй. Үүнд байгууллагын систем, уур амьсгал, залуу, мэдлэг, туршлага багатай гэдгийг нь мэдсээр байж “тэнгэрийн” шаардлага тавих, асуудал тулгарвал илэн далангүй ярилцдаггүй, тусалж, дэмждэггүй байдал нөлөөлж байгаа. Түүнчлэн ил тод бус, хэн нэгний үзэмжээр албан тушаал ахих, эсэхийг шийддэг, хэрэв чи энэ хэмжээнд хөдөлмөрлөвөл ийм амжилтад хүрэх боломжтой гэсэн гэрэл гэгээ, ирээдүйн талаар нь ажилтандаа танилцуулдаггүй. Товч хондоо, залуучууд шударга, эрүүл уур амьсгалтай, ажилтнаа дэмжиж, сайжруулах чин зорилготой байгууллагыг л хүсэж байна. Нэг ажлын байрандаа удаан ажилладаггүй хандлага олон улсад хэдийн тогтсон. Тиймээс ажлын шаардлагаасаа “Тууштай, тогтвортой ажиллах” гэдгээ хасах хэрэгтэй. Компани, байгууллагууд ирээдүйн залгамж халаагаа муу хэлснээр юу өөрч лөгдөх юм бэ. Үүний оронд эхлээд байгууллага өөрчлөгдөх нь хамгийн зөв” хэмээсэн билээ.
Байгууллагууд нэн тэргүүнд бусдад “төгс” шаардлага тавихын оронд компанийнхаа соёлд анхаарч, шударга цалин хөлс олгодог болчихвол тэрхүү “төгс” хүн өөрөө бүрдэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй шиг. Нэн тэргүүнд ажлын байранд тавих шаардлагаа эргэн нэг харж, хүндээ ээлтэй болохыг эрмэлзвэл ажил олгогчдын “шүдний өв чин” нэгээр цөөрөх нь лав тодорхой.
Д.Хэрлэн